Wednesday, September 5, 2012

Энэ жишээн дээр анализ хийе...

Аливаа юмс яг л бидний бодсон шиг оршин байдаг гэж бид нар итгэдэг. Жишээ нь: нэг эр нэгэн эмэгтэйг харлаа гэж бодъё. Тэр эр эмэгтэйн өнгө зүс, бие галбир гээд гадаад үзэмж байдлыг харсан дариудаа л "энэ үнэхээр сайхан эмэгтэй байна" гэж бодлоо гэж бодъё. Энэ мөчид мань эр тэр хүүхнийг яг л өөрийн бодсон шигээ "бодит байдалд ч гэсэн тийм л сайхан хүн" гэж өөрийн эрхгүй бодлоо гэж бодъё. Улмаар мань эр тэр эмэгтэйтэй танилцахыг, ойр байхыг хүснэ. За тэгээд нөгөө эмэгтэй нь ч гэсэн мань эрд нүүр өгөөд л, хоёр биенээ сайхнаар төсөөлөөд л, ээрч муураад л солонгос кинон дээр гардаг шиг хайр дурлал өрнөлөө гэж бодъё. Энэ явдлаас хойш нэг эсвэл хоёр жил, эсвэл хоёр юмуу гурван сар өнгөрлөө... Oдоо мань эрийн тэр эмэгтэйн талаархи анхны бодлууд өөрчлөгдөж ирнэ: Унтахдаа хурхирдаг юм байна. Ядаж долоо хоногтоо нэг удаа усанд орж байхгүй бол биенийх нь үнэр танар гэж хэцүүдэх шинжтэй юм байна. Маш их яриа. Бас их хардамтгай. За тэгээд уурлуулах юм бол бүүр ч аймаар болдог юм байна гээд л, эмэгтэйн зан чанарыг таньж эхэлнэ. Цаашид мань эрийн ухаан хүрээд бүсгүйн талаархи анхны бодлууддаа хулхидуулсан болохоо ойлголоо гэж бодъё... Зиа энэ бол жишээ. Одоо энэ жишээн дээр анализ хийе. Энэ бол хэн нэгнийх нь буруу биш. Тэр тусмаа эмэгтэйн ч буруу биш.

Бидний аливаа юмсын талаархи бодсон бодлууд - яг л бодсон шиг минь бодит байдалд ч гэсэн тийм л байдаг гэсэн атгаг бодлууд - юмсын оршин байгаа бодит байдлын талаархи буруу төсөөллүүд. Гол буруутан нь энэ л юм. Үүнийг Буддизмд мунхаг гэж нэрлэдэг. Энэ л мунхагийг зовлонгийн гол шалтгаан гэж Буддизмд үздэг. Бодит байдлын талаархи бидний бодлууд хир их үнэн учир шалтгаанд суурилсан байна, тэр төдийгөөр бид нар зөв шийдвэр гаргаж, зовлон багатай амьдарч чадах юм. Юмсын оршин байгаа бодит байдлын мөн чанарыг таньж чадвал, өөрөөр хэлбэл зовлонгийн гол шалтгаан болсон мунхагийг арилгаж чадвал зовлонгоос гэтэлж чадна гэж Буддизмд үздэг билээ... Овоо босгоогүй бол шаазгай юунд суух вэ гэдэг шиг л...

Published with Blogger-droid v2.0.9

No comments:

Post a Comment

comment