Sunday, May 3, 2015

Хааяадаа ганцаар байж өөрөө өөрийнхөө сэтгэлтэй тулж байх...

Хааяа ганцаараа байж өөрөө өөрийнхөө сэтгэлтэй тулж байх хэрэгтэй юм шиг... тэгж байж л өөрийгөө ойлгох юм шиг... өөрийгөө ойлгож байж л бусдыг ойлгох юм шиг... бусдыг ойлгож байж л тэдний үзэл бодол, үг яриа, үйл хөдлөлийг ойлох юм шиг... тэгж байж л бусдыг хайрлаж, хүндэлж, хүлээн зөвшөөрч сурах юм шиг...
хааяадаа ч гэсэн ганцаар байж өөрөө өөрийнхөө сэтгэлтэй тулж байх хэрэгтэй юм шиг... өөрөө өөртэйгөө тулж байх хэрэгтэй юм шиг...

Sunday, April 26, 2015

Үл автахуй

Сайн ажиглах юм бол бидний сэтгэлд төрж буй сайхан муухай мэдрэмжүүд үүсээл устаал, үүсээл устаал байдгийг мэдэж болно.

Хэрвээ мэдрэмжүүд үүсэх бүрт түүнд авталгүй, энэ бүхэн зүгээр л нэг түрхэн зуурын мөн чанартай юм байна гэдгийг анзаарч чадвал зовлонт мэдрэмж дээр шүтээд үүсэх уур тэргүүтэн нисваанисууд болон амгалант мэдрэмж дээр шүтээд үүсэх шунал гэх мэт зовлонт ухамсруудын эрхэнд орж өөрөө өөрийгөө зовоож стрессдэхгүй байж чадах юм.

Wednesday, November 19, 2014

Ямар нэгэн онц гойд юмны тухай биш ч танд хэрэг болж магад...

Энд бичих зүйлс хижээл насныханд нилээн тохирох болов уу гэж бодлоо.

Их хотод ажиллаж амьдрах хэцүү. Нийгмийн харилцаанд цайлшгүй орох шаардлагатай болдог. Дулмааг хардаж, Цэцгээд дурлаж, Доржийг загнаж, Батад долигнож, Баярааг балбах гээд л... Бүх юмаа төлөвлөж тооцоолох, цаг хугацаанд амжуулах гээд л...

Амьдралын энэ хэв маяг өөрөө стресс, сэтгэл ханамжгүй байдал гэх мэт дотоод сэтгэлийн болон биеийн өвчин зовлонгийн шалтгаан болдог. Тиймээс долоо хоногт ядаж нэг удаа ч болов бясалгалын хичээлд сууж, дотоод сэтгэлдээ тариа хийлгэж байхгүй бол үрчийсэн хар амьтан болно шүү!

Төвдийн Бурханы шашны гаржудба урсгалын тэргүүн XVII Гармаба лам их хотын иргэ шураг болсон хүмүүст шамата буюу амирлан оршихуйн бясалгалыг санал болгосон байсан. Хийхэд их амархан. Биед эвтэйхэн байрлалаар суугаад сэтгэлээ нэг зүйл дээр төвлөрүүлэх. Юун дээр ч төвлөрүүлж болно: хөргөгчний чимээ, бурхан багшийн дүр, загалмай, бөөгийн хэнгэрэг, аягатай цай, гар утас г.м...

Завтай бол Випашяна бясалгалын курсэд суувал бүр зүгээр. Зэнгийн бясалгалд суусан ч болно.

Өдөр тутамд хийсний үр дүнд гэгээрэхгүй, баяжихгүй, өвдөж ч болно, үхэж ч болно; юунд ч уурлахгүй байж чаддаг болохгүй, огт стрессгүй болохгүй, өнгө зүс мууддагаараа муудаж, хөгширдөгөөрөө хөгширнө, гэхдээ энэ бясалгалыг хийхгүй байснаас хамаагүй дээр байх болов уу :)

Wednesday, May 21, 2014

Tara Children's Home

Сэтгэлийн их хоосрол, энэлгээт мэдрэмжүүд, зовлон, шаналал, уйтгар гуниг... энэ бүхэн өдөр тутам, цаг минут тутамд зөвхөн өөрийнхөө сайн сайхны төлөө санааширч, бодолд автаж, зөвхөн өөрийнхөө төлөө бусдыг хайрлаж, бас үзэн ядсаны үр дүн ч юм шиг...

Хэдүүлээ одоо өөрсдийгөө ор тас мартаад бусдын төлөө маани тоолцгооё. Эдгэршгүй өвчтэй ах дүү хоёр хүүхэд байна. Эцэг эх хоёр нь хоёулаа ДОХ-оор нас барцгаасан. Энэтхэгийн бөглүү тосгоны энэ хоёр хүүхдийн оронд өөрсдийгөө орлуулж бодоцгооё... Юу юугаа ч мэдэхгүй жоохон хүүхэд... Хоол унд, хувцас хунар ч олдохгүй... Харж хандах хүнгүй... Хэзээ ч ДОХ-оор үхэж болох... Хэсэгхэн хором өөрсдийгөө энэ хоёр хүүхдийн оронд орлуулж бодоцгооё... Би ийм газар ийм болж төрөөгүйдээ баяртай байна гэж бахдалгүй хэсэгхэн хором ч гэсэн энэ хоёр хүүхдийн нэгнийх нь оронд өөрсдийгөө орлуулж бодоцгооё. Өвчин шаналал, үхэл хагацлаас өөр ямар ч ирээдүй байхгүй... Өвчиндөө шаналсаар үхэх тавилантай...

Одоо өөр эдгэршгүй өвчтэй хүмүүсийн тухай бодоцгооё... Хорт хавдар, ДОХ... гэх мэт... Мөн л өвчиндөө шаналсаар үхэх тавилан...

Одоо мааниа тоолцгооё... Энэ бүх өвчин зовлон үгүй болохын төлөө, энэ их хэрүүл тэмцэл, дайн тулаан үгүй болохын төлөө... өлсгөлөн, байгалийн гамшиг бүхэн үгүй болохын төлөө... Өөрийгөө ор тас мартаад зөвхөн бусдын сайн сайхны төлөө мааниа тоолцгооё.

УМ МАНИ БАДМЭ ХУМ, УМ МАНИ БАДМЭ ХУМ, УМ МАНИ БАДМУ ХУМ, УМ МАНИ БАДМЭ ХУМ, УМ МАНИ БАДМЭ ХУМ, УМ МАНИ БАДМЭ ХУМ, УМ МАНИ БАДМЭ ХУМ, УМ МАНИ БАДМЭ ХУМ...

Энэ зурган дээрх ах дүү хоёр хоёулаа хүний дархлал хомсдолын вирустай (HIV). Энэ вирус аажмаар ДОХ (AIDS) үүсгэдэг. Эцэг эх хоёр нь хоёулаа ДОХ-оор нас барсан. Одоо энэ хоёр хүүхэд Энэтхэгийн Бихар мужийн Бодьгаяа дахь Tara Children's Home гэх буяны байгууллагад НIV-аар өвчилсөн бусад хорь орчим хүүхдийн хамт амьдарч байгаа. Их Хөлгөний Уламжлалыг Хадгалах Олон Улсын Төв (FPMT) -ийн номын тэргүүн Түвдэн Зопа Ринбүүчи ламтаны нигүүлсэхүй сэтгэлийн хүчээр эдгээр хүүхдүүд орох оронтой, оочих аягатай болж, сургуульд сурч байна. Мөн Ринбүүчийн өгөөмөр сэтгэлийн хүчээр Бодьгаяа дахь гэр оронгүй, өнчин өрөөсөн олон хүүхэд сургуульд сурч байна.

Та эдгээр хүүхдүүдэд туслах боломжтой. (http://www.rootinstitute.com/tarachildren.html)
Нэг Баасан гарагт гэрээсээ гаралгүй байж, тэр өдөр үрэх мөнгөө ч юм уу... Эсвэл цалингаасаа... бизнесийнхээ ашгаас бага ч атугай хандивлавал тэдгээр хүүхдүүд хэрэгтэй эм тариа, хичээлийн хэрэгсэл, оо саван гээд зөндөө юмтай болж болох юм.

Таны маани тоолсны хүчээр Зопа Ринбүүчи ламтан урт удаан наслаж, бусдын төлөө хэрэгжүүлж буй олон буяны төслүүд нь амжилттай хэрэгжих болтугай. Мөн Ажиа Ринбүүчийн монголд бариулж буй хорт хавдартай хүүхдүүдэд зориулсан эмнэлэгийн барилгын ажил, санхүүжилт зэрэг нь саадгүй бүтэх болтугай.

Thursday, March 6, 2014

Саваа мод

Бүгдээрээ нэг бясалгал хийцгээе. Зүгээр л өдөр дутам бодож, сэтгэж байдаг зүйлээсээ түр зуур хөндийрч өөр зүйл рүү оюун санаагаа хандуулцгаая.
Хүний нас богино. Зарим тохиолдолд хүмүүс 60 хүрээд л өнгөрч байна. Өөрийнхөө насалж болох насны дээд хэмжээнээс одооныхоо насыг хасъя. 60 жил, 40 жил, 20 жил, 10 жил... маш богино хугацаа... Өдөр хоног өнгөрөх тусам бидний амьд явах хугацаа хорогдож байдаг. Магадгүй ойрын жилүүдэд ч ертөнцийн мөнх бусыг үзүүлж болох...
Бид л оюун санаагаараа "өнөө маргаашдаа үхэхгүй урт удаан амьдарна" гээд бодчихсон, түүндээ итгэчихсэн байдаг болохоос биш үнэндээ хэзээ ч үхэж болно. Ингэж бичлээ гээд муу ёр гэж эмээж бишүүрхэх хэрэггүй. Энэ зүгээр л бодит байдал. Итгэхгүй бол аль хэдийнээ цэл залуугаараа ертөнцийн мөнх бусыг үзүүлчихсэн таньж мэддэг хэн нэгнийг санаарай. Энэ бодит байдлын талаар дахин нэг бодоцгооё. ... ...

Одоо өөрийн хайртай хүмүүсийн тухай бодоцгооё. Үхэх үедээ та тэднийг дахин хэзээ ч уулзахгүйгээр үүрд орхин явна. Эсвэл тэдний хэн нэгэн үхэх үед таныг үүрд орхин одох болно. Энэ ч гэсэн бодит байдал.

Амьд байх хором бүртээ шунан дурлаж, таван мэдрэхүйгээр хүрэлцэх бүхнээс илүү их бие хийгээд сэтгэлийн таашаал авах гэж хичээж, тэмүүлж амьдарсан ч энэ бүхэн үхэх үед дурсамж л болно. Энэ ч гэсэн бодит байдал.

Таны урлаж хийж бүтээсэн бүхэн эцэстээ эвдэрнэ. Хүмүүнлэг, энэрэнгүй, соён гэгээрүүлэгч, суут сэтгэгч, зохиолч гэгдэх нэр алдар бүхэн эцэстээ хоосон цуурай шиг замхарна. Энэ ч гэсэн бодит байдал.

Шал дэмий, шал балай юм уншчихлаа гэж бодож болох.
Тэгээд яг юу гэх гээд байгаа юм? Яаж ч амьдарсан ямар ч үр дүнгүй юм уу? гэж бодож ч болох... Энэ бодол ч гэсэн түр зуурынх...


Маш өндөр ургасан зарим мод мөчрөө даахгүй унадаг даа. Тийм модны сүүдэрт нэг нөхөр унтаж байж. Тэр нөхрийг унтаж байх зуур сүүдэрлэж байсан мод нь мөчрөө даалгүй унах гэж байгааг мэдсэн өөр нэг нөхөр хүрч ирээд гартаа барьж явсан саваа модоороо өнөөх унтаа нөхрийг цохин сэрээж. Мань эр сэрээд бушуухан зайлж бэртэж гэмтэлгүй үлджээ.

Буддизмд мөнх бусын бясалгалыг дээрх жишээний саваа модоор цохихтой зүйрлүүлдэг. Энэхүү бясалгал оюун санааг сэрээж бодит байдлыг байгаагаар нь таних үүд хаалгыг нээж өгдөг байна.

Saturday, September 28, 2013

Утга уянгын халил...

Бидэнд тохиолдож буй болон бидний эргэн тойронд болж буй бүхнээс бидний жаргах зовох хамаараад байгаа мэт байдаг ч, сайн ажиглах юм бол үнэндээ тийм биш юм шиг: бидний дотоод сэтгэл тэдгээрийг хэрхэн яаж хүлээн авч байгаагаас л бидний жаргах зовох хамаарч байна гэх үү дээ... Жишээлбэл, гадаа бороо орж байна гэж бодъё. Бороонд өөрт нь ямар ч утга уянгын төрх байхгүй. Зүгээр орох шалтгаан нөхцөл нь бүрдсэн учраас л орж байна. Харин бороог таньж мэдэрч байгаа ухамсарт л утга уянгын халил байна. Хүн бүр л өөр өөрийн утга уянгын халилтай ертөнцөд аж төрж, тэрхүү ертөнцийнхөө цонхоор бусдын ертөнцийг аждаг байх. Өөрөөр хэлбэл, миний сэтгэл дэх таны тухай бодол төсөөллүүд таныг гэхээсээ илүү миний дотоод ертөнцийг тодорхойлдог гэх үү дээ...

Tuesday, June 18, 2013

Хоосон мэт...

Бидний эргэн тойронд байгаа бүх юмс бидний оюун санаанд л биежиж бодитой мэт болдог бодигүй хоосон мэт...

Газарт сарнай цэцэгний үр байсан. Түүнээс сарнай ургасан. Өргөстэй. Үнэртэй. Өнгөтэй. Хэлбэр дүрс. Өнгөц төдий бодлоор ажиглах юм бол бүх юмс бодитой.

"Газар" гэдэг нь нэр үг. Хүний оноосон нэр үг: оюун санааны оноосон нэр үг. Юунд оноосон нэр үг юм бэ? Шороо, хумхын тоос шамбааралдан овоорсонд оноосон нэр гэвэл, "шороо" гэж бас л нэг юманд оноосон нэр. Хумхын тоосч мөн адил.

"Цэцэг". Мөн л оноосон нэр. Ямар нэгэн юманд оноосон нэр.

"Сарнай". Мөн адил нэг төрлийн цэцгэнд оноосон нэр. 

Үг, бодол санаа, хайр дурлал... бид нар өөрөө өөрсдийнхөө бодол санаан дотор л төөрөлддөг мэт: толинд туссан сар гэрэлтдэг гэж төөрөлддөг шиг...

Зүүд мэт...

Бүх юмс бидний бодол санаанд л биежиж бодитой болдог бодигүй хоосон мэт...

Sunday, May 26, 2013

Хойд төрлийн тухай

Зарим хүмүүст хойд төрөл гэхээр үлгэр домгийн юм шиг л санагддаг байх. Хүн үхсэний дараа хүүр болсон бие нь устаж алга болдог. Харин ухамсар нь хаачдаг вэ? Ухамсар дүрст бус зүйл тул бидний таван мэдрэхүйд мэдэгдэхгүй далд юм. Хойт төрөл гэж бий юу, үгүй юу гэдэг маань ухамсарын үргэлжлэл тасрах уу, үгүй юу гэдэг дээр л тулна. Ухамсарын үргэлжлэл тасардаг гэвэл эхийн хэвлийд дөнгөж тогтсон үрийн ухамсар хаанаас ирсэн бэ гэсэн асуулт гараад ирнэ. Мөн ямар ч үржлийн процесс явагдахгүйгээр чийгнээс төрдөг өт хорхойнууд байдаг. Тэдний ухамсар хаанаас ирсэн бэ гэсэн асуулт ч мөн ялгаагүй тавигдана. МУИС-т байхад философи ордог нэг багш хичээл орж байхдаа, нохойд ухамсар байхгүй гээд гүрийгээд байж билээ.

(Жич: Энэ page цэцэн мэргэнээ бусдад гайхуулагч, сэтгэлгээгээ хэн нэгэн их мэдэгчид тушаагаад толгойгүй болчихсон эсвэл өнгөц мэдрэмж төдий ухамсарын хойноос аз жаргал гэж хөөцөлдөгч, өндөр уулнаа оршоод бусдыг омог төгөлдөр нүдээр болгоогч нарт огтхон ч зориулагдаагүй.
Юмсыг шинжлээд сайн муу, үнэн худлыг ялгагч оюун төгөлдөр, шударга оюунаар оршигч тийм л хүмүүст зориулагдсан page болой.)

Saturday, May 25, 2013

Өнөөдөр Шагжамүни Бурхан багшийн...

Өнөөдөр зуны эхэн сарын шинийн 15-ний өдөр. Энэ өдөр Шагжамүни Бурхан Багшийн эхээс мэдэлсэн, төгс гэгээрлийн хутгийг олж Будда болсон, нирваан дүрийг үзүүлж гаслангаас нөгчсөн гэсэн гурван зохионгуй давхацдаг учир энэ өдөр буддистууд Бурхан Багшийн ачийг санан дурсаж, буян номд шамдаж, өргөн дэлгэр тэмдэглэдэг уламжлалтай.

Бурханы номд: мунхаг, уур, шунал зэрэг хорт сэтгэлээр өдөөгдөөгүй (сэдэлжээгүй) бие, хэл, сэтгэлийн үйлийг буяны үйл хэмээн тодорхойлсон байдаг.

Ум Мүни Мүни Маха Мүниеэ Суха. Энэ Шагжаминү Бурхан багшийн зүрхэн тарни. Үүнийг унших төдийгөөр огторгуйн эн лугаа сацуу хязгааргүй их буяныг хураана гэж сударт айлдсан байдаг. Яагаад тийм их буян хураадгийг би ерөөсөө ойлгодоггүй. Будда бүхэн арван хүчийг эрхшээсэн байдаг бөгөөд үүний нэг нь ерөөлийн хүч юм: Будда бүхэнд өөрийн зүрхэн тарни гэж бий. Будда бүхэн туулсан бодийн хутгийг олохоосоо өмнө буюу Бодьсадва байх үедээ, мунхгийн далайд живсэн зовлонт амьтан алин миний зүрхэн тарнийг өгүүлэх төдийд түүний сэтгэлд ирээдүйд зовлонгийн далайгаас гэтэлж Будда болох авъяас суух болтугай, эс бөгөөс би бээр Будда хэзээ ч эс болох болтугай гэх мэтээр хатуу хүчтэй ерөөл тавьдаг гэсэн.

Өчүүхэн арвайн үрд тариа болж ургах чадал байдаг шиг тарнид ч гэсэн аугаа их чадал байдаг юм шүү хэмээн багш маань айлдаж байсан.

Ноён Хутагт Данзанравжаа зэрэг нууц тарнийн дээд шидийг олсон эрдэм чадалтай лам нар дээр үед олон байсан тухай өгүүлдэг домог яриа зөндөө байдаг.

Ум Майдри Майдри Маха Майдриеэ Суха. Энэ Ирээдүйд ертөнцөд залрах Майдар Бурханы зүрхэн тарни. Энэ бичлэгийг уншиж байгаа харилцан адилгүй үзэл бодолтой, шашин шүтлэгтэй хүн бүхэн хийгээд цаашлаад тэдгээр хүмүүсийн гэр орон, ах дүү амраг садан хийгээд цаашлаад тэдний гэр оронд нь байгаа нохой, муур, жоом, ялаа, батгана, өчүүхэн жижиг хорхой тэргүүтэн амьтан бүхэн ирээдүйд Майдар Бурхан лугаа бодтой учирч зовлонгоос үүрд хагацах болтугай хэмээн ерөөл тавъя даа гэж... Ум Мани Бадмэ Хум...

Monday, May 13, 2013

Баастай коршонк

Урьд өмнө сонсогдож байгаагүй хэргүүд гарах болж. Дотоод сэтгэл хэрцгий бол гадаад бие хэлний үйлдэл ч хэрцгий байна. Будда, үндэс нь хор бол мөчир нь ч гэсэн хор гэж айлдсан байдаг.

Aсуудлын цаад учир шалтгааныг харж чадахгүй бол яаж ч хичээгээд асуудлаа шийдэж чадахгүй. Хүний нийгэмд гарч буй бузар булай бүхний цаана хүний мунхаг оюун, шунал тачаал, уур омог л байдаг. Үүнийг хууль журмаар биш шашнаар арилгах боломжтой.
Бидний даган баясах дуртай Америк дэлхийд гайхагддаг хуулийн тогтолцоотой юм гэсэн. Тэгсэн хэрнээ бас дэлхийг гайхуулдаг хүчирхийлэл гардаг орон.

Хүний дотоод сэтгэлд байгаа хүчирхийллийг хуулиар засах гэж оролдох нь баастай коршонкийг цэвэрлэж байна гээд гаднаас нь угаахтай л ижил хэрэг юм.

Хууль огт хэрэггүй гэж хэлээгүйг минь таалан болгооно уу :)

Monday, May 6, 2013

Итгэхгүй бол...

Өөрт хүсээгүй зовлон гэнэт тохиолдоход барьц алдаад бүүр ч дордчих тохиолдол олон байдаг. Бид нар өвдөхийн зовлон, өтлөхийн зовлон, ойр дотныхоо хүмүүсээс хагацахын зовлон, үхэхийн зовлон зэргийг зайлшгүй эдлэх болно. Муу амлаж байгаа юм биш шүү. Угаасаа л бидний оршихуй ийм л мөн чанартай. Жаргал гэж бодож байсан бүхэн эцэстээ зовлон болж хувирдаг гэвэл бараг буруудахгүй байх. Өөрт тохиолдох зовлон бүхнийг бид өөрсдөө л үүрнэ. Зовлон тохиолдох тоолонд сэтгэл санаагаар унаад байвал бид нар яаж энэ амьдралыг барахав дээ?

Сэтгэлийн эрүүл мэнд сайн байвал дээрх зовлонгуудыг өлхөөн туулаад гарч чадах юм. Сэтгэл санааны эрүүл мэнд муу бол зовлон бэрхшээл тохиолдох бүрд сэтгэлийн зовлонг амсах болох юм. Биеийн зовлон дээр сэтгэлийн зовлонг нэмчихвэл бүүр ч хэцүү болно шүү дээ.

Таньж мэддэг хүмүүстээ би Бурханы шашныг судалж үзэхийг зөвлөдөг. Энэ нь заавалчгүй Бурханы шашинтан болох хэрэгтэй гэж тулгаж байгаа хэрэг огтхон ч биш юм.

Бурханы шашинтан болох шаардлагагүйгээр, өөрөөр хэлбэл төгс гэгээрэл, зовлонгоос хагацсан нирваан хутаг, үйлийн үр, хойд нас зэргийг хүлээн зөвшөөрөлгүйгээр Бурханы шашнаас суралцаж болох юм. Сэтгэлийн зовлонг арилгах тал дээр бол Бурханы шашны оюун судлахуйн сургаалтай эн зэрэгцэх сургаал өөр хаана ч байхгүй гэж хэлж болох байх. Итгэхгүй бол Шива-Лха гэгээний зохиосон "Бодьсадвын Явдалд Орохуй" -г шударга оюуны үүднээс уншаад үзээрэй. Алмайруулна дөө...

Saturday, April 27, 2013

Бусдын тухай таны бодлууд таны сэтгэлийн л тусгал юм.

Бусдын тухай янз янзаар бодох хэрэггүй юм. Учир нь бусад яг бодсон шиг чинь оршдоггүй. Бусдын тухай таны бодлууд бусдыг гэхээсээ илүү таны дотоод сэтгэлийг л тодорхойлж байдаг. Өөрөөр хэлбэл бусдын тухай таны бодлууд таны сэтгэлийн тусгал юм.

Бид нар явж явж өөрөө өөрсдийгөө л зовоодог. Юмс яг л бодсон шиг минь оршдог гэж итгэдэг: буруу бодлуудынхаа торонд хашигдсан шувуу шиг л... Бид нар өөрөө өөрсдийгөө л зовоодог.

Monday, April 22, 2013

Ухамсар гэж сонин юм шүү...

Ухамсар, сэтгэл, оюун... гэж хачин юм шүү: дадлынхаа хойноос л дагаад байдаг.

Зүгээр л сайхан, өөрийн дураар, тааваараа, зовлон багатай, эрх чөлөөлөг амьдрах боломж байсаар байтал заавалчгүй нэг юмны ирэг, шураг, дөнгө, зүтгүүр болох амьдралыг сонгохыг нь яана...

Ухамсар гэж их сонин. Дадлынхаа хойноос л явдаг...

Friday, April 19, 2013

Оюун санааны эрэл хайгуул

Ердөө 50-хан жилийн дараа гэхэд энэ бичлэгийг энэ цаг үед уншиж байгаа хүмүүсээс цөөхөн хэд нь л амьд сэрүүн байна байх. Бидний амьд байх хугацаа хором бүрээр хорогдож байдаг. Хором бүрээр үхэлд ойртож байдаг. Би гутрангуй үзэлтэн биш л дээ. Гэхдээ бодит байдал ийм л байна. Бодит байдлыг байгаагаар нь харна гэдэг тийм ч муу зүйл биш шүү дээ: өөрийнхөө насалж болох насны дээд хязгаарыг мэдчихсэн хүн 1000 жил идэх хоол хүнс хураах гэж өөрийгөө зовоохгүй шүү дээ. Бидний доторх утга уянгын халилтай, мэдрэмж төдий буруу ухамсрууд бодит байдлыг байгаагаар нь харахад үргэлж саад болдог.

Амьдрахын утга учир юу юм бэ? Үхлийн дараа ухамсар байх болов уу? Хэрхэн яаж аз жаргалтай амьдрах вэ? Зовлонгоос ангижрах арга байдаг болов уу гэсэн асуултууд байна...

Оюун сэтгэлгээ нь хайрцаглагдчихсан цэцэн мэргэдүүдэд бол эдгээр асуулт тийм ч хүнд санагдахгүй байх: орчлон хорвоогийн мэдэгдэхүүн бүхнийг хайрцгандаа хийчих юм чинь...

Зарим нь эдгээр асуултуудад зүгээр л цэцэн мэргэнээ гайхуулах гэж хариулдаг байх. Тийм хариултууд дэндүү уйтгартай байдаг...

Өөрийн хөдөлмөрөөр олсон хоол цаанaа нэг амттай байдаг юм гэсэн. Будда, өөрөө өөрийн аврал шүү гэж шавь нартаа сургасан байдаг. Асуултуудын хариуг өөрөө л оюун санааны эрэл хайгуул хийж олох хэрэгтэй.

Friday, April 12, 2013

Дахиад аз жаргалын тухай...

Тийм цэцэг, ийм өнгө, тийм заан, ийм мэлхий аз жаргал, эд хөрөнгө авчирдаг гэх: догматик сэтгэлгээтэй нэг зовсон амьтны л өөрийгөө тайтгаруулах арга юм уу даа. (жоохон хорон хэлчих шиг боллоо соорри :) Мөнгийг бол хөдөлмөрлөж олдог байх. Аз жаргалыг хувь хүн өөрөө дотоод сэтгэл дээрээ бүтээдэг. 

Амьдарч байхад урсгалаapaa аяндаа төрдөг сайхан мэдрэмжүүдийг бүтээх шаардлага байдаггүй: ядарч байхад сайхан хоол идээд ханаталаа унтахад тийм мэдрэмж аяндаа л төрчихнө.

Шалтгаан нөхцөл бүрдсэн үед тийм мэдрэмжүүд аяндаа л өөрөө гараад ирдэг: нээх ач холбогдол өгсний хэрэггүй эд.

Аз жаргал бол үүнээс өөр: яг л байшинг сууриас нь барьдаг шиг сэтгэл дээрээ бүтээдэг зүйл.