Sunday, May 26, 2013

Хойд төрлийн тухай

Зарим хүмүүст хойд төрөл гэхээр үлгэр домгийн юм шиг л санагддаг байх. Хүн үхсэний дараа хүүр болсон бие нь устаж алга болдог. Харин ухамсар нь хаачдаг вэ? Ухамсар дүрст бус зүйл тул бидний таван мэдрэхүйд мэдэгдэхгүй далд юм. Хойт төрөл гэж бий юу, үгүй юу гэдэг маань ухамсарын үргэлжлэл тасрах уу, үгүй юу гэдэг дээр л тулна. Ухамсарын үргэлжлэл тасардаг гэвэл эхийн хэвлийд дөнгөж тогтсон үрийн ухамсар хаанаас ирсэн бэ гэсэн асуулт гараад ирнэ. Мөн ямар ч үржлийн процесс явагдахгүйгээр чийгнээс төрдөг өт хорхойнууд байдаг. Тэдний ухамсар хаанаас ирсэн бэ гэсэн асуулт ч мөн ялгаагүй тавигдана. МУИС-т байхад философи ордог нэг багш хичээл орж байхдаа, нохойд ухамсар байхгүй гээд гүрийгээд байж билээ.

(Жич: Энэ page цэцэн мэргэнээ бусдад гайхуулагч, сэтгэлгээгээ хэн нэгэн их мэдэгчид тушаагаад толгойгүй болчихсон эсвэл өнгөц мэдрэмж төдий ухамсарын хойноос аз жаргал гэж хөөцөлдөгч, өндөр уулнаа оршоод бусдыг омог төгөлдөр нүдээр болгоогч нарт огтхон ч зориулагдаагүй.
Юмсыг шинжлээд сайн муу, үнэн худлыг ялгагч оюун төгөлдөр, шударга оюунаар оршигч тийм л хүмүүст зориулагдсан page болой.)

Saturday, May 25, 2013

Өнөөдөр Шагжамүни Бурхан багшийн...

Өнөөдөр зуны эхэн сарын шинийн 15-ний өдөр. Энэ өдөр Шагжамүни Бурхан Багшийн эхээс мэдэлсэн, төгс гэгээрлийн хутгийг олж Будда болсон, нирваан дүрийг үзүүлж гаслангаас нөгчсөн гэсэн гурван зохионгуй давхацдаг учир энэ өдөр буддистууд Бурхан Багшийн ачийг санан дурсаж, буян номд шамдаж, өргөн дэлгэр тэмдэглэдэг уламжлалтай.

Бурханы номд: мунхаг, уур, шунал зэрэг хорт сэтгэлээр өдөөгдөөгүй (сэдэлжээгүй) бие, хэл, сэтгэлийн үйлийг буяны үйл хэмээн тодорхойлсон байдаг.

Ум Мүни Мүни Маха Мүниеэ Суха. Энэ Шагжаминү Бурхан багшийн зүрхэн тарни. Үүнийг унших төдийгөөр огторгуйн эн лугаа сацуу хязгааргүй их буяныг хураана гэж сударт айлдсан байдаг. Яагаад тийм их буян хураадгийг би ерөөсөө ойлгодоггүй. Будда бүхэн арван хүчийг эрхшээсэн байдаг бөгөөд үүний нэг нь ерөөлийн хүч юм: Будда бүхэнд өөрийн зүрхэн тарни гэж бий. Будда бүхэн туулсан бодийн хутгийг олохоосоо өмнө буюу Бодьсадва байх үедээ, мунхгийн далайд живсэн зовлонт амьтан алин миний зүрхэн тарнийг өгүүлэх төдийд түүний сэтгэлд ирээдүйд зовлонгийн далайгаас гэтэлж Будда болох авъяас суух болтугай, эс бөгөөс би бээр Будда хэзээ ч эс болох болтугай гэх мэтээр хатуу хүчтэй ерөөл тавьдаг гэсэн.

Өчүүхэн арвайн үрд тариа болж ургах чадал байдаг шиг тарнид ч гэсэн аугаа их чадал байдаг юм шүү хэмээн багш маань айлдаж байсан.

Ноён Хутагт Данзанравжаа зэрэг нууц тарнийн дээд шидийг олсон эрдэм чадалтай лам нар дээр үед олон байсан тухай өгүүлдэг домог яриа зөндөө байдаг.

Ум Майдри Майдри Маха Майдриеэ Суха. Энэ Ирээдүйд ертөнцөд залрах Майдар Бурханы зүрхэн тарни. Энэ бичлэгийг уншиж байгаа харилцан адилгүй үзэл бодолтой, шашин шүтлэгтэй хүн бүхэн хийгээд цаашлаад тэдгээр хүмүүсийн гэр орон, ах дүү амраг садан хийгээд цаашлаад тэдний гэр оронд нь байгаа нохой, муур, жоом, ялаа, батгана, өчүүхэн жижиг хорхой тэргүүтэн амьтан бүхэн ирээдүйд Майдар Бурхан лугаа бодтой учирч зовлонгоос үүрд хагацах болтугай хэмээн ерөөл тавъя даа гэж... Ум Мани Бадмэ Хум...

Monday, May 13, 2013

Баастай коршонк

Урьд өмнө сонсогдож байгаагүй хэргүүд гарах болж. Дотоод сэтгэл хэрцгий бол гадаад бие хэлний үйлдэл ч хэрцгий байна. Будда, үндэс нь хор бол мөчир нь ч гэсэн хор гэж айлдсан байдаг.

Aсуудлын цаад учир шалтгааныг харж чадахгүй бол яаж ч хичээгээд асуудлаа шийдэж чадахгүй. Хүний нийгэмд гарч буй бузар булай бүхний цаана хүний мунхаг оюун, шунал тачаал, уур омог л байдаг. Үүнийг хууль журмаар биш шашнаар арилгах боломжтой.
Бидний даган баясах дуртай Америк дэлхийд гайхагддаг хуулийн тогтолцоотой юм гэсэн. Тэгсэн хэрнээ бас дэлхийг гайхуулдаг хүчирхийлэл гардаг орон.

Хүний дотоод сэтгэлд байгаа хүчирхийллийг хуулиар засах гэж оролдох нь баастай коршонкийг цэвэрлэж байна гээд гаднаас нь угаахтай л ижил хэрэг юм.

Хууль огт хэрэггүй гэж хэлээгүйг минь таалан болгооно уу :)

Monday, May 6, 2013

Итгэхгүй бол...

Өөрт хүсээгүй зовлон гэнэт тохиолдоход барьц алдаад бүүр ч дордчих тохиолдол олон байдаг. Бид нар өвдөхийн зовлон, өтлөхийн зовлон, ойр дотныхоо хүмүүсээс хагацахын зовлон, үхэхийн зовлон зэргийг зайлшгүй эдлэх болно. Муу амлаж байгаа юм биш шүү. Угаасаа л бидний оршихуй ийм л мөн чанартай. Жаргал гэж бодож байсан бүхэн эцэстээ зовлон болж хувирдаг гэвэл бараг буруудахгүй байх. Өөрт тохиолдох зовлон бүхнийг бид өөрсдөө л үүрнэ. Зовлон тохиолдох тоолонд сэтгэл санаагаар унаад байвал бид нар яаж энэ амьдралыг барахав дээ?

Сэтгэлийн эрүүл мэнд сайн байвал дээрх зовлонгуудыг өлхөөн туулаад гарч чадах юм. Сэтгэл санааны эрүүл мэнд муу бол зовлон бэрхшээл тохиолдох бүрд сэтгэлийн зовлонг амсах болох юм. Биеийн зовлон дээр сэтгэлийн зовлонг нэмчихвэл бүүр ч хэцүү болно шүү дээ.

Таньж мэддэг хүмүүстээ би Бурханы шашныг судалж үзэхийг зөвлөдөг. Энэ нь заавалчгүй Бурханы шашинтан болох хэрэгтэй гэж тулгаж байгаа хэрэг огтхон ч биш юм.

Бурханы шашинтан болох шаардлагагүйгээр, өөрөөр хэлбэл төгс гэгээрэл, зовлонгоос хагацсан нирваан хутаг, үйлийн үр, хойд нас зэргийг хүлээн зөвшөөрөлгүйгээр Бурханы шашнаас суралцаж болох юм. Сэтгэлийн зовлонг арилгах тал дээр бол Бурханы шашны оюун судлахуйн сургаалтай эн зэрэгцэх сургаал өөр хаана ч байхгүй гэж хэлж болох байх. Итгэхгүй бол Шива-Лха гэгээний зохиосон "Бодьсадвын Явдалд Орохуй" -г шударга оюуны үүднээс уншаад үзээрэй. Алмайруулна дөө...