Saturday, April 27, 2013

Бусдын тухай таны бодлууд таны сэтгэлийн л тусгал юм.

Бусдын тухай янз янзаар бодох хэрэггүй юм. Учир нь бусад яг бодсон шиг чинь оршдоггүй. Бусдын тухай таны бодлууд бусдыг гэхээсээ илүү таны дотоод сэтгэлийг л тодорхойлж байдаг. Өөрөөр хэлбэл бусдын тухай таны бодлууд таны сэтгэлийн тусгал юм.

Бид нар явж явж өөрөө өөрсдийгөө л зовоодог. Юмс яг л бодсон шиг минь оршдог гэж итгэдэг: буруу бодлуудынхаа торонд хашигдсан шувуу шиг л... Бид нар өөрөө өөрсдийгөө л зовоодог.

Monday, April 22, 2013

Ухамсар гэж сонин юм шүү...

Ухамсар, сэтгэл, оюун... гэж хачин юм шүү: дадлынхаа хойноос л дагаад байдаг.

Зүгээр л сайхан, өөрийн дураар, тааваараа, зовлон багатай, эрх чөлөөлөг амьдрах боломж байсаар байтал заавалчгүй нэг юмны ирэг, шураг, дөнгө, зүтгүүр болох амьдралыг сонгохыг нь яана...

Ухамсар гэж их сонин. Дадлынхаа хойноос л явдаг...

Friday, April 19, 2013

Оюун санааны эрэл хайгуул

Ердөө 50-хан жилийн дараа гэхэд энэ бичлэгийг энэ цаг үед уншиж байгаа хүмүүсээс цөөхөн хэд нь л амьд сэрүүн байна байх. Бидний амьд байх хугацаа хором бүрээр хорогдож байдаг. Хором бүрээр үхэлд ойртож байдаг. Би гутрангуй үзэлтэн биш л дээ. Гэхдээ бодит байдал ийм л байна. Бодит байдлыг байгаагаар нь харна гэдэг тийм ч муу зүйл биш шүү дээ: өөрийнхөө насалж болох насны дээд хязгаарыг мэдчихсэн хүн 1000 жил идэх хоол хүнс хураах гэж өөрийгөө зовоохгүй шүү дээ. Бидний доторх утга уянгын халилтай, мэдрэмж төдий буруу ухамсрууд бодит байдлыг байгаагаар нь харахад үргэлж саад болдог.

Амьдрахын утга учир юу юм бэ? Үхлийн дараа ухамсар байх болов уу? Хэрхэн яаж аз жаргалтай амьдрах вэ? Зовлонгоос ангижрах арга байдаг болов уу гэсэн асуултууд байна...

Оюун сэтгэлгээ нь хайрцаглагдчихсан цэцэн мэргэдүүдэд бол эдгээр асуулт тийм ч хүнд санагдахгүй байх: орчлон хорвоогийн мэдэгдэхүүн бүхнийг хайрцгандаа хийчих юм чинь...

Зарим нь эдгээр асуултуудад зүгээр л цэцэн мэргэнээ гайхуулах гэж хариулдаг байх. Тийм хариултууд дэндүү уйтгартай байдаг...

Өөрийн хөдөлмөрөөр олсон хоол цаанaа нэг амттай байдаг юм гэсэн. Будда, өөрөө өөрийн аврал шүү гэж шавь нартаа сургасан байдаг. Асуултуудын хариуг өөрөө л оюун санааны эрэл хайгуул хийж олох хэрэгтэй.

Friday, April 12, 2013

Дахиад аз жаргалын тухай...

Тийм цэцэг, ийм өнгө, тийм заан, ийм мэлхий аз жаргал, эд хөрөнгө авчирдаг гэх: догматик сэтгэлгээтэй нэг зовсон амьтны л өөрийгөө тайтгаруулах арга юм уу даа. (жоохон хорон хэлчих шиг боллоо соорри :) Мөнгийг бол хөдөлмөрлөж олдог байх. Аз жаргалыг хувь хүн өөрөө дотоод сэтгэл дээрээ бүтээдэг. 

Амьдарч байхад урсгалаapaa аяндаа төрдөг сайхан мэдрэмжүүдийг бүтээх шаардлага байдаггүй: ядарч байхад сайхан хоол идээд ханаталаа унтахад тийм мэдрэмж аяндаа л төрчихнө.

Шалтгаан нөхцөл бүрдсэн үед тийм мэдрэмжүүд аяндаа л өөрөө гараад ирдэг: нээх ач холбогдол өгсний хэрэггүй эд.

Аз жаргал бол үүнээс өөр: яг л байшинг сууриас нь барьдаг шиг сэтгэл дээрээ бүтээдэг зүйл.

Tuesday, April 2, 2013

Энд алмас баачихсан байна, тийм учраас алмас оршиж байна.

Би, би, би гэх бодол бид нарт бүгдээрэнд нь л байдаг. Би-г бид, бие махбод болон оюун санааг удирддаг эзэн мэтээр төсөөлдөг. Би-гээ бусдаас онцгойлон үзэж, бусдаас илүү ихээр хайрладаг учраас "би" буюу "намайг" хэн нэгэн муулвал "би" муу биш шүү дээ гээд өөрийн эрхгүй л "би"-гээ өмөөрдөг. Би-гийн нэр хүндийг өсгөхийн тулд би гээ ямар нэгэн аргаар бусдад магтаж, би-гийнхээ үнэ цэнийг тэдэнд ойлгуулахыг хичээдэг. Xэн нэгний өөгүй тэгш төрсөн бие махбодод тачаагаад "би" түүнтэй хамт байвал ямар их жаргалтай байх бол оо гэсэн: түүнийг би-гийнх болгох гэсэн шунал төрдөг. Lexus 470 гэх мэт машиныг хараад мөн л "би" ийм машинтай болбол ямар сайхан бэ гэсэн шунал төрдөг. Ерөнхийдөө шунал тачаал, уур бүхэн "би"-тэй холбоотойгоор төрдөг. Бид нар би-гээ хэдий чинээ энхрийлэн хайрлана төдий чинээ шунан тачааж, уурладаг.

Бидний магтан дуулаад байдаг янаг амрагийн хайр ч гэсэн би-тэй холбоотойгоор үүсдэг. Би /өөрөө өөртөө хайртай учраас/ чамд хайртай. "Чи" "би"-гийн сонирхолыг татахаа больчихвол "би" чамд хайргүй болчихно. Чи "би"-гийнх буюу "минийх" учраас "би" чамд хайртай г.м... Үнэндээ үүнийг хайр гэлгүй би-гийн хэрэгцээ гэж нэрлэвэл илүү онох байх.

"Би" гэж яг юу юм бэ? Сэтгэл "би" биш. Бие махбод, зүрх зэрэг эрхтэн ч "би" биш. Сэтгэл хэрэв "би" юм бол 1-ээс 5 хүртэл тоолоод үзье. Нэг гээд тоолох эхний агшинд сэтгэл байсан. 2 гэж тоолох үед бас л хоёр дахь агшиний сэтгэл байсан. 3 гэж тоолох үед мөн л гурав дахь агшиний сэтгэл байсан... Энэ таван агшиний таван сэтгэлийн аль нь "би" юм бэ? Хоёр гэж тоолоx агшинд Нэг гэж тоолох агшиний сэтгэл байхгүй болно. Өнөөдөрт өчирдөр байхгүй. Өчигдөр аль хэдийнээ байхгүй болчихсон. Өнөөдөрт зөвхөн өнөөдөр л байна."Би" нэг настайдаа байж л байсан, 10 настайдаа ч байж л байсан. Харин 10 насны үед 1 настай байх үеийн сэтгэл аль хэдийнээ байхгүй болчихсон байсан. Тэгэхээр сэтгэл "би" биш болж таарч байна. Би сэтгэж байна, тийм учраас "би" оршиж байна гэдэг. Энэ нь "би" оршиж байгаагийн баталгаа болж чадахгүй. Учир нь "би" оршиж байгаа гэдгийг эхлээд баталчихаад дараа нь сэтгэдэг эсэхийг нь батлах хэрэгтэй болохоос биш байгааг нь батлаагүй байж "би" гэдэг зүйл сэтгэдэг гэвэл ямар ч логикгүй сонсогдож байгаа биз дээ? Алмас энд баачихсан байна, тиймээс алмас оршиж байна гэдэгтэй яг ижилхэн сонсогдож байгаа биз?

"Би" гэж яг ийм юм байдаг гээд заачих юм алга: oлдохгүй байна. Олоод хэлчихвэл гүн ухааны их том нээлт болоод: дэлхийн томоохон их сургуулиудад лекц уншиж, 3000 орчим жилийн түүхтэй Буддын шашныг үгүйсгэж, Буддаг онигоонд оруулан "би"-гийнхээ карерийг өсгөж болох л юм.

Published with Blogger-droid v2.0.10