Wednesday, January 30, 2013

Заримдаа үнэхээр уйтгартай санагдах юм аа...

Зүгээр л бусдад "сайн, сайхан болж байна" гэж хэлүүлэхийн тулд гүйгээд л... Бусад "сайн байна" гэж магтвал улам хурдан гүйгээд л... Мөнгөтэй л бол бүх юм ОК болчих юм шиг санаад л... "Сайхан амьдарч байна", "сайн явж байна" гэж бусдаар хэлүүлэхийн тулд амьдраад л... Жүжиглээд л... Уйдахгүй жүжиглээд л... Сайн найз, садан амраг болж жүжиглээд л... Харилцан бие биенээ хуураад л... хулхидаад л... Уйдахгүй...
Заримдаа үнэхээр уйтгартай санагдах юм аа...

Published with Blogger-droid v2.0.10

Thursday, January 24, 2013

...анзаарах хэрэгтэй ч юм шиг...

Сайхан сэтгэлтэй болчихвол, өөрөөсөө бусдыг дээгүүр тавьж чаддаг болчихвол бүх юм OK болох юм байна гэдгийг бид нар бүгдээрээ анзаарах хэрэгтэй ч юм шиг.., хэрэггүй ч юм шиг...

Ганц өөрийгөө бодоод л.., бусдаас өөрийгөө дээгүүр тавиад байвал зовлонгийн үргэлжлэл тасралтгүй ирдэг болохыг бас анзаарах хэрэгтэй ч юм шиг.., хэрэггүй ч юм шиг...

(Жич: үүнийг бичигч бээр бусдыг сайхан сэтгэлд уриалан дуудагч огтхон ч биш бөгөөд нэгэн насаа идэж, унтаж, унгаж, бааж өнгөрөөхөөр эргэлт буцалтгүй шийдсэн, cанаа амар суухыг эрхэмлэгч нэгэн болой)

Published with Blogger-droid v2.0.10

Tuesday, January 22, 2013

Аз жаргалтай төгсгөл :)

Бид нар дотоод сэтгэлээрээ амар амгалан амьдрахын тулд оюун санааны эрэл хайгуул хийх хэрэгтэй. Яг яах ёстой вэ гэвэл: дотоод сэтгэлийн амгаланг хэрхэн яаж бий болгох, дотоод сэтгэлийн амар амгаланг эвдэгч уур, шунал, мунхаг зэргийг хэрхэн багасгах (арилгах), улмаар дотоод сэтгэлийн амгалангаа хэрхэн хадгалах зэргийг зөвөөр таниж мэдээд, мэдсэнээ хэрэгжүүлэх буюу өөрөөр хэлбэл оюун санааны дасгалууд хийж амар амгаланд суралцах хэрэгтэй юм. Залуу нас, бие махбодийн таашаал хязгаарлагдмал тул тийм ч их итгэл найдвар хүлээлгэх зүйл биш юм. "Хаа ч явсан цуг гэж мэдээрэй" гэдэг шиг, бид хаана ч, ямар ч явсан оюун санаатайгаа (ухамсартайгаа) хамт байна. Бие хаа ямар ч чадалгүй болж, өвчин баашинд ороогох өтөл нас хэзээ нэг ирэх тул тэр үед сэтгэл амар амгалантай байвал аштай юу даа: жинхэнэ аз жаргалтай төгсгөлөөр буюу амар амгалантай [харамсах зүйлгүй сэтгэл ханамжтайгаар] үхлийг угтана шүү дээ :)

Monday, January 7, 2013

Бусдыг муулцгаая!!!

Сүүлийн жилүүдэд монголчуудын дунд христийн шашинтнууд олшрох болсон. Зарим хүмүүс тэднийг их гадуурхдаг. Тэгсэн хэрнээ хүний эрх, ардчилалын үнэ цэнэ гэж яриад байдаг. Би л хувьдаа буддист гэдгээрээ бусдад гадуурхагдахыг хүсдэггүй. Тэд ч бас гадуурхагдахыг хүсдэггүй байх.

Ер нь бусдыг үзэл бодол, шашин шүтлэгээр нь гадуурхана гэдэг тэнэг хүний л хийх хэрэг. Энэ нь замба идэх дургүй хүнийг чи заавал замба ид гээд хүчлэх, эсвэл замба иддэггүй ямар тэнэг юм бэ гээд шоолохтой л ижил тэнэг хэрэг.

Монголчуудын ихэнх нь нэг шашин шүтэж, оюун санааны хувьд нэгмдэл байгаасай гэж би хүсдэг. Гэхдээ энэ миний л бодол. Ганц өөрийнхөө бодлыг зөв гээд бусдынхыг үгүйсгэх нь бас л нэг төрлийн зовлонгийн шалтгаан.

Дотоод сэтгэлийн амар амгаланг хүсдэг бол бусдыг муулах биш, хүлээн зөвшөөрч, үзэл бодлыг нь хүндэтгэх хэрэгтэй гэдгийг сүүлийн хэдэн жил л мэдэрч байна. Бусдыг муулаад дотоод сэтгэлийн амгаланг олдог бол хүний нийгэмд стресс гэдэг зүйл байхгүй байх байсан болов уу..?

Published with Blogger-droid v2.0.9