Monday, October 29, 2012

Буддизмыг хэрхэн үгүйсгэх вэ?

Амьд амьтан бүхэн урьд төрөлдөө үйлдсэн үйлийнхээ үр дүн нь юм, Ертөнцийг Бурхан бүтээгээгүй, Ертөнцөд эхлэл гэж байдаггүй, Ертөнц тэргүүлшгүй цагаас (ертөнцөд эхлэл гэж байхгүй учраас цаг хугацаанд ч мөн адил эхлэл гэж байхгүй) үүсэн устаж оршсоор ирсэн, Тоолшгүй олон төрлийн амьтан, тоолшгүй олон төрлийн ертөнц бий, Орчлонд хэмжээ хязгаар үгүй, Амьд амьтан бүхэн сэтгэлдээ буй муу муухай бүхнийг арилгаж Бурхан (Будда) болох боломжтой, Зовлонгоос гэтлэх боломжтой, Тоолшгүй олон Бурхан байдаг, ухамсар нь юмсыг танин мэдэх мөн чанартай гэх мэт Буддын шашны бүх номлол "ЮМС БҮХЭН ШҮТЭН БАРИЛДАЖ ГАРСАН" гэх энэ онолд л тулгуурладаг. Буддизмыг үгүйсгэж, худал гэж батлах хэрэг гарвал "ЮМС ШҮТЭН БАРИЛДАЖ ГАРСАН" буюу "ЮМС БИЕ БИЕНЭЭСЭЭ ХАМААРАЛТАЙ ОРШДОГ" гэх энэ онолыг л үгүйсгэх хэрэгтэй. Хойт төрөл байдаггүй гэдгийг батлахыг хүсвэл ЮМС ӨӨРИЙН МӨН ЧАНАРААСАА ЮУНААС Ч ХАМААРАЛГҮЙ БИЕ ДААЖ БҮТСЭН ГЭЖ БАТЛААД (эсвэл ертөнцийн эзэн бүтээсэн гэж батлаад), юмс ХООСОН ЧАНАРТАЙ гэдгийг үгүйсгэх хэрэгтэй.
Хялбарчилбал: Алимны модноос алим ургаагүй, алим юунаас ч хамааралгүй өөрөө бие даан бүтсэн гэж батлах хэрэгтэй. Түүнээс биш амьдрахын эрхээр лам дээл өмсөөд амьтны мухар сүсгээр ар гэрээ тэжээж буй хүмүүсийн увайгүй үйлдлээр Буддизмыг хоосон үгүйсгэх нь утгагүй хэрэг. Монголын түүх, манжийн дарлал, Төвдүүдийн өнөөгийн байдал, Библи, Коранаар эсвэл хэн нэгэн их мэдэгчийн амны пянгаар бурсан хоосон үгсээр Буддизмыг үгүйсгэх нь тэнэг хүний л хийх хэрэг. Үнэхээр л Буддизмыг үгүйсгэмээр байгаа бол Буддизм ямар онолд суурилж байна, түүнийг нь л үгүйсгэх хэрэгтэй.

Далай Багш "Universe In A Single Atom" номныхоо өмнөтгөлд: "Буддизм болон шинжлэх ухааны аль нь ч бодит байдлын мөн чанарыг эрж хайхдаа нарийн шинжилгээний аргыг баримталдагт л миний гол итгэл үнэмшил оршдог бөгөөд үүнээс улбаалан би өөртөө итгэлтэйгээр шинжлэх ухааныг судалдаг. Хэрвээ шинжлэх ухааны нарийн шинжилгээгээр Буддизмын үзэл баримтлал эндүү, ташаа болохыг баталгаатай нотлох юм бол бид эрдэмтдийн судалгааны үр дүнг гарцаагүй хүлээн зөвшөөрч, эндүүрсэн бүхнээ залруулах хэрэгтэй." гэж бичсэн байдаг.

Хэн нэгэн Буддизмыг ойлговол, сав шим ертөнцийн орших байдал ямар мэт болохыг мэдэж, шалтгаан нөхцөл нь бүрэлвэл үр дүн нь гарцаагүй гардаг болохыг ухаарч чадвал өдөр бүр сэтгэл оюунтайгаа ажилладаг л болох байх даа...
Ай хөөрхий гэж...

Published with Blogger-droid v2.0.9

Monday, October 22, 2012

Үүнийг битгий уншаарай!!!

Хэдэн зуун жилийн турш Халх, Өвөр монгол, Ойрд, Буриад, Тагна Урианхай (Тува), Халимаг гээд монгол туургатнуудын оюун санааг Бурханы Шашин, Богд Жавзандамба Хутагтууд нэгтгэсээр ирсэн билээ. Талцаад хуваагдаад унахаараа л бусдын тавган дээр бэлэн хоол болоод байдаг монголчууд оюун санааны хувьд нэгдмэл байх нь мэдээж муу зүйл биш.
Бүх монгол туургатнууд оюун санаагаараа нэгдмэл байх боломж өдий хүртэл байсаар. Энэтхэгт цагаачлан сууж буй Дээрхийн Гэгээн XIV Далай Лам нэгэн удаа номоо айлдаж эхлэхийнхээ өмнө <<Монгол туургатнууд байна уу?>> гэж асуухад Монгол, Буриад, Халимаг, Тувагаас ирсэн монголчууд хоёр гартаа цэнхэр хадаг өргөөд хурай, хурайхэмээн шуугилдаж байсан гэдэг. Миний бие жил гарны өмнө энэтхэгт Бурханы ном үзэхээр цагаачлан ирсэн өвөр монгол лам нартай уулзах завшаан тохиож, ярилцаж байхад тэд, манай (өвөр) монголчууд Бурханы номоо сайн мэдэхгүй ч өнөө хир Бурханы шашинд сүжиглэсээр байна хэмээн ярьж байв. Халимагийн ерөнхийлөгч асан Кирсан Илюмжинов америк дахь халимагуудын дундаас тодорсон Дилав Хутагтын хойд дүрийг халимагт залж, шашны тэргүүнээр өргөмжлөв. Буриадад дэлхий дахиныг шуугиулж буй, нууц тарнийн гүн бясалгалд оршсон Итгэлт Хамбын лагшин бие ил болж олон түмний Буддын шашинд итгэх итгэлийг сэргээж байна. Тувагийн томчууд олон түмэнд Бурханы шашнаа таниулах тал дээр анхаарч гаднаас ном эрдэмтэй лам нарыг залдаг гэсэн. Монголд, урьд шашин төрийн хэргийг үүрч байсан Зая Гэгээн, Ламын Гэгээн, Жалханз Хутагт, Манзушир Хутагт нарын хойд дүрүүд тодорч, IX дүрийн Богд Жавзандамба Хутагт монгол оронд эргэж төрөхөө амлаад нирваан болов. Бурханы шашны мөн чанарыг ойлгосон залуус нэгдэн нийлж сургалт, лекц зохион байгуулах болов.
Хувь заяаны эрхээр тасарсан монгол туургатнууд оюун санааны хувьд нэгдмэл байх боломж одоо хүртэл байсаар л... Монголын сүсэгтнүүд X Богдоо хүлээсээр...
Магадгүй 10 жилийн дараа, X Богд тодорч, монголын Бурханы шашин сэргэх (хүмүүсийн Бурханы шашны талаарх мэдлэг дээшилж, амьдрахын эрхээр, хоол олохын тулд мэргэ төлөг, гүрэм засал хөөж, лам дээл өмссөн мухар сүсгийн бизнесмэнүүдийн зах зээл үгүй болох) тэр үед Монголчууд бид Буриад, Халимаг, Тува, Өвөр монголоос хэн ч ирж суралцаж болох Бурханы Шашны Их Сургууль байгуулж, тэндээ Буддизмаас гадна монгол хэл, бичиг, түүх заадаг болбол монгол туургатнууд ирж суралцах л байх даа хөөрхий... Магадгүй 10 жилийн дараа...

Friday, October 19, 2012

1990-ээд оны үед Арилд Зэмбэ гэдэг нууц нэртэй баачка...

1990-ээд оны үед Арилд Зэмбэ гэдэг нууц нэртэй баачка (энэ нууц нэр нь байх?) Ардын Эрх сонины нэг дугаарт: Эрдэмтэд хоосон чанарыг нээлээ, тэр нь цахилгаан соронзон орон л юм байна, хэдэн арван зууны турш тайлагдашгүй нууц байсан хоосон чанар ийнхүү нээгдлээ гээд элийрч өгсөнийг зохиолч Дарам.Батбаяр гуай үгүйсгэж байв. Мэдэхгүй юмаа мэддэг юм шиг цариалж байгаад улайхгүй бурдаг гаруудад хулхидуулахгүйн тулд, оюун санаагаа хогоор дүүргэхгүйн тулд өөрөө өөрийнхөө ухаанаар баталгаатай, нотолгоотой мэдэхээс өөр арга байдаггүй. Их мэдэгч, их бураачингууд хэзээд байсаар, гай тарьсаар ирсэн. Тиймээс өөрийнхөө шинжлэл төгөлдөр оюун ухаандаа л найдах хэрэгтэй шүү! Найз нар аа!

Published with Blogger-droid v2.0.9

Sunday, October 14, 2012

Туулах л хувьтай амьдралыг Уурлаад яаж барахав дээ гэж...

Эргэн тойронд хүмүүс таны тухай, таниас өөр хүний тухай хов ярина. Аадар бороо, аянга цахилгаан, хурц нар, хуурай салхи салхилна. Эргэн тойронтойгоо зохицож ус мэт, эсвэл хоосон огторгуй адил болохоос өөр ухаалаг, зөв, сайхан сонголт байна гэж үү? Ингэж зохицож чадвал л дотоод сэтгэлээ амар амгалантай байлгаж чадах билээ.
Туулах л хувьтай амьдралыг
Уурлаад (стрессдээд) яаж барахав дээ гэж...

Published with Blogger-droid v2.0.9

Sunday, October 7, 2012

Туулах л хувьтай амьдралыг Уйлаад яаж барахав дээ...

Өнөөдөр та юунд ч гомдоллохгүй байхыг хичээгээрэй. Тэртээ тэргүй нэгэнт болж байгаа болон болоод өнгөрчихсөн юманд гомдоллоод тус болохгүй.
Нөгөө "Жинжиймаа" гэдэг кинон дээр нээх гоё нүдтэй хүүхэн гарч ирээд
"Туулах л хувьтай амьдралыг
Уйлаад яаж барахав дээ" гээд дуулдаг шиг...
Туулах л хувьтай амьдралыг
Гомдоллоод яаж барахав дээ гэж...

Published with Blogger-droid v2.0.9

Tuesday, October 2, 2012

Зовлонгоос гэтлэх тухай Буддизмын онол

Буддистуудын яриад байдаг зовлонгоос ангижрах арга нь их энгийн. Сэтгэлийн зовлонгууд нь бидний доторх бодит байдлыг эс мэдсэн, эс таньсан буруу бодлуудaac шууд хамааралтай байдаг. Бодит байдлыг эс таньсан ухамсрыг бодит байдлыг байгаагаар нь таньсан ухамсар л устгаж чадна. Газар хэвтэх олсыг могой гэж буруугаар таньсан ухамсарыг газар хэвтэх олсыг могой биш олс юм байна гэж зөвөөр таньсан ухамсар л устгаж чадна. Эхнийхийг нь Буддизмд эс мэдсэн мунхаг гэдэг бол удаахыг нь билиг ухаан гэдэг. Буддизмын зовлонгоос гэтлэх ерөнхий онол ердөө л энэ: зовлонгийн шалтгааныг хайж олоод арилгах, өөрт байгаа буруу бодлуудаа арилгах. Буруу бодлуудаас, өөрөөр хэлбэл мунхагаас л уур, шунал, тачаал, атаа хорсол, омог гээд биднийг зовоогоод, дотоод сэтгэлийг хямраагаад байдаг зовлонгууд үүсдэг. Зовлонгоос ангижрах буддизмын ерөнхий онол ердөө л энэ. Мэдээж хэлэхэд амархан хийхэд хэцүү. Гэвч зовлонгоос гэтлэх өөр арга байхгүйгээс хойш шүдгүй ч гэсэн буйлаараа мэр гэдэг шиг чадлаараа зүтгэхээс өөр сонголт байдаггүй... Зовох дуртай бол заавал энэ сонголтыг хийх албагүй л дээ... Зиа за Буддизмийн тухай нэг иймэрхүү...

Published with Blogger-droid v2.0.9