Tuesday, March 19, 2013

Нэгэн түүхийг өгүүлье.

Урьд Энэтхэгийн оронд Шагжамүни Бурхан Багшийг заларч байх үед Балжэвү хэмээх зуу насалсан өвгөн амьдран суудаг байжээ. Энэ үлгэр биш шүү: болсон явдал. Өтөл өвгөнийг үр хүүхдүүд, ач зээ нь тоодоггүй, асарч тэтгэдэггүйн дээр нүд үзүүрлэдэг байв.

Өвгөн нэгэн өдөр, "Үр хүүхдүүд маань намайг нүд үзүүрлэн хөнөөх болсон тул би эндээс явж Шагжамүнийн шашинд тойн болвоос сайн бус уу." гэж санаад гэрээс гарч Шагжамүни Бурхан Багшийн тойдын оронд очоод ийн хэлжээ, "Өвгөн би өдгөө тойн болохоор энд ирэв. Бурханы ахмад шавь нараас хэн хэн буй?" гэж асуусанд олон хуврагууд, "Шаарийн хөвгүүн, Маха Гашяб тэргүүтэн хутагтан олон буй." хэмээн зааж өгсөнд өвгөн бээр Шаарийн хөвгүүний дэргэдэд очоод, "Хутагт Шаарийн хөвгүүн ээ, намайг тойн болгон соёрх." хэмээн өгүүлсэнд, Шаарийн хөвгүүн, энэ өвгөн өтөлсний тул дияан бясалгал хийгээд хуврагуудын үйлийг хийж дийлэхгүй хэмээн сэтгээд өвгөнд хандаж, "Таны нас өтөлсны тул тойн болж чадахгүй." хэмээн өгүүлсэнд өвгөн бээр сэтгэл гансарч цааш явсаар Хутагт Маха Гашябын дэргэдэд очсонд мөн л өтөлсөн хэмээн тойн үл болгосонд өвгөний сэтгэл урьдынхаас ч ихэд гансарч, "Өтөл би гэрт сууваас үр хүүхдүүд нүд үзүүрлэнэ. Тойн больё гэхнээ ч тойн болох буяны язгуур алга. Өдгөө гэртээ буцваас урьд адил үр хүүхдүүд хөнөөх тул энд усанд үйж үхвээс сайн болой." хэмээн маш ихээр шанaлан голын зүг явж ахуйд Бурхан Багш бадар барихаар заларч буйтай таарчээ. Бурхан Багш бээр өвгөнөөс яагаад шаналж буйг нь асуусанд өвгөн, үр хүүхдүүд нь нүд үзүүрэлдэг хийгээд хутагтан хуврагууд өтөлсний тул тойн болж үл чадна хэмээсэн хийгээд эдүгээ очих газар үгүй тул усанд үйж үхвээс сайн болой хэмээн сэтгэж буйгаа Бурхан Багшид айлтгасанд, Бурхан Багш Балжэвү өвгөнд хандан, "Та санаа зовсоны хэрэггүй. Шаарийн хөвгүүн хийгээд Маха Гашяб нар тоолшгүй гурван их галвын туршид бодийн хутгийг эрээгүй, мэдэгдэхүүний түйтгэрээс ангижраагүй учир тэд юмс бүхнийг илтэд мэдэхгүй. Ганцхүү төгс гэгээрсэн будда л юмс бүгдийг илтэд мэддэг. Тиймээс санаа зоволтгүй: танд тойн болох буяны үндэс байна. Би таныг тойн болгох болно." хэмээн айлдаад өвгөн Балжэвүг тойн болгож дөрвөн үнэн, хоосон чанар, шүтэн барилдлагын тухай ном айлдав. Өвгөн ч Бурхан Багшаас сонссон номоо нэгэн үзүүрт сэтгэлээр хичээн бясалгаснаар дайснаа дарсны хутгийг (зовлонгоос гэтэлсэн нирваан хутаг) олсон гэдэг.

Энд гол өгүүлэмж нь: хичнээн настай, хөгшин ч гэсэн өөрийгөө бүү гол. Би чадна гээд чадлаараа хичээх хэрэгтэй. Маргааш үхэх байсан ч өнөөдөр суралц гэсэн зүйлүүд. Шүдгүй ч гэсэн буйлаараа мэр гэдэг шиг өөрийгөө гололгүй өөдрөг амьдрах хэрэгтэй гэсэн утгатай.

Published with Blogger-droid v2.0.10