Saturday, September 15, 2012

Баабар гуайгаа муулангаа Богд Зонховыгоо жаал магтав...

Бурхан Багш бадар барин морилж явах үед нэгэн балчир хүүхэд Бурхан Багшид зуун найман болор эрхи өргөсөн гэдэг. Бурхан Багш энэ явдалд ихэд баяcан шавь нартаа хандан: "Энэ хөвгүүн хожимын цагт шашин доройтох үед Сумади хэмээх гэлэнгийн дүрээр шашныг мандуулах болой. Түүний шашин энэ болор эрхи мэт хир үгүй тунгалаг байх болно" хэмээн эш үзүүлсэн гэдэг. Тэр цагт Бурхан Багшид болор эрхи өргөсөн хөвгүүн нь Богд Зонхов Лувсандагвын дээд төрөл байсан юм. Сумади гэдэг нь Сайн Оюунт гэсэн утгатай санскрит үг. Төвдөөр бол Лувсан юм.

Манзушир Бурхан бодитоор залран ирж Богд Зонховт ном заадаг байсан гэдэг.

Тэрээр өөрийн багш Рэндааваад зориулан залбирал зохион өргөхөд багш нь: "Энэ магтаал надад биш, чамд илүү зохих юм байна" хэмээгээд өөрийнхөө нэрний оронд Богд Зонховын нэрийг бичээд буцаагаад өргөсөн нь Гэлүгба нарын уншдаг мигзэм хэмээх залбирал юм. Мигзэмийг монголчилвол:

Зоригдол үгүй энэрэлийн их хуу сан Жанрайсиг
Хир үгүй айлдлын эрхэт Манзушир
Шулмасын өмгийн хоцроолгүй даран зоxиогч Очирваань
Цастын мэргэдийн оройн чимэг Зонхова
Лувсандагвын өлмий дор соёрхол талибъя гэсэн утгатай...

Богд Зонховын тухай нэг иймэрхүү. Хүний амьдрал гэж сонин байх юм. Жоохон байхад сургуульд Шарын шашин, Богд Зонховыг муулсан түүхийн хичээл ордог байв. Монгол улс доройтсон гол шалтгаан нь явж явж Богд Зонхов болж таардаг байв. Богд Зонхов, Шарын шашны тухай 20 хүртлээ өөдтэй юм бараг дуулж байсангүй. Гэтэл өнөөдөр Богд Зонховынхоо фэн нь болчихсон явж байдаг. Хамгийн сүүлд 3 жилийн өмнө Баабар гуайн "Нүүдэл Суудал"-аас  Богд Зонхов, Шарын шашин хоёрыг муулсан юм уншаад "хүн ер нь мэдэхгүй зүйлийнхээ тухай дуугай байвал зүгээр юм байна" гэж бодож билээ. Баабар гуай Барууны нэг ядмагхан судлаач баачкагийн бичсэн юмыг олж уншчихаад л Шарын шашныг тэр үед баахан муулсан байх. Шарын шашныг муулсан түүний нийтлэлийн дараахан Энэтхэгт олон жил Бурханы ном үзсэн Нямсамбуу гэдэг залуу "Шашнаа өмөөрөхүй" гээд хариу нийтлэл бичсэн юм. Тэрнээс хойш Баабар гуай Шарын шашны тухай дуугарахаа больсон. Бодвол миний өмнө бодсонтой ижил зүйл бодсон байх.
Ай хөөрхий гэж... Уул нь Богд Зонховын тухай жоохон юм бичье гэж бодсон чинь дашрамд нь Баабар гуайгаа муулчихлаа. Нэгийг нь сайлахын тулд нөгөөг нь муулдаг зан бол их муухай зан л даа. Гүй одоо яая гэхэв дээ, цагаан дээр хараар, улаан цайм Богд Зонховын талаар баахан ташаа юм биччихсэн байгаа юм чинь... Фэн нь ухаантай юм чинь би гэдэг хүн бас яаж зүгээр байхав дээ...

Published with Blogger-droid v2.0.9

No comments:

Post a Comment

comment