Sunday, September 23, 2012

Хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэрэг хоёр хөдөлгүүртэй

Юунд ч санаа зовох зүйлгүй инээж хөхрөөд л...

Өглөөний муухайг өдөртөө мартаад л...

Уйлсан ч, уурласан ч цагаахан хүүхэд нас минь...

Хэнд ч, юунд ч, ямар ч тооцоо бодолгүйгээр манайхан танайхан гээд мод чулуугаар буу шийдэм хийж тоглоод л...

Үлгэрт үнэн зүрхнээсээ итгээд л... Арван таван толгойтой Атгаалжин хар мангасыг дарчихаад амар сайхандаа жаргах юм шиг мөрөөдөөд л...

Амттанд дурлаад л... Холын гийчинг бурхан шиг бишрээд л...

Мөнгө хэмээх эрээн цааснаас ч илүү үнэтэй цагаан цаасан дээр нар сар хоёрыг зэрэг мандуулаад л...

Уултай, устай, ой мододтой, ургамал амьтантай ногоон талд Асар, Басар нохойтой айл зураад л...

Мөнгийг тав, арав гэлгүй тавын гаа, арвын чихэр гэж тоолоод л...

Хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэрэг хоёр хөдөлгүүртэй: нэг нь сайхан сэтгэл, нөгөө нь билиг ухаан. Мухар сүсгээр биш бүтээлч сэтгэлгээгээр хандаж чадвал хүн бүр Буддизмаас өөртөө хэрэгтэй зүйлийг олж чаддаг билээ гэж...

Published with Blogger-droid v2.0.9

Saturday, September 22, 2012

Архинд засагддаг сэтгэл гэж хаашаа харсан юм байхав дээ?

Бидний дотор байдаг буруу, атгаг, өнгөц бодлууд биднийг ганцаардмал, өрөвдөлтэй, гунигтай, тэнэг байдалд оруулах чадамжтай байдаг. Бид нар үнэндээ хэн нэгнээс болоод биш, өөрөө өөрсдийнхөө дотор байгаа буруу бодлуудынхаа эрхэнд ороод л гуниг гутралд ордог. Дараа нь сэтгэл санаагаа засна гээд архи дарс уугаад эрүүл биеэ алдаг. Архинд засагддаг сэтгэл гэж хаашаа харсан юм байхав дээ? Бидний дотор байдаг эрүүл бус буруу бодлууд түм буман тэнэг үйлдлүүдийн өдөөлгө болдог. Тиймээс л дотоод сэтгэлийн эрүүл мэнд маш чухал юм. Дотоод сэтгэлдээ анхаарал хандуулахгүй бол бид буруу бодлууддаа хулхидуулсаар хүний насыг барна. Энэ бичлэгээрээ би хэн нэгнийг сүрдүүлээгүй байх гэж найдаж байна...

Published with Blogger-droid v2.0.9

Monday, September 17, 2012

Заримдаа би...

Заримдаа би яг л хувраг хүн шиг Зовлонт цогцсоосоо ангижрахыг хүснэ Балчиг шавар халдаагүй Бадам цэцэг шиг дэлгэрэхийг хүснэ Зөгийн чуулган Над дээр чуулж Шимт балыг Надаас хүртээд л... Заримдаа би яг л бадам цэцэг шиг Балчиг дундаас дэлгэрэхийг хүснэ...

Saturday, September 15, 2012

Баабар гуайгаа муулангаа Богд Зонховыгоо жаал магтав...

Бурхан Багш бадар барин морилж явах үед нэгэн балчир хүүхэд Бурхан Багшид зуун найман болор эрхи өргөсөн гэдэг. Бурхан Багш энэ явдалд ихэд баяcан шавь нартаа хандан: "Энэ хөвгүүн хожимын цагт шашин доройтох үед Сумади хэмээх гэлэнгийн дүрээр шашныг мандуулах болой. Түүний шашин энэ болор эрхи мэт хир үгүй тунгалаг байх болно" хэмээн эш үзүүлсэн гэдэг. Тэр цагт Бурхан Багшид болор эрхи өргөсөн хөвгүүн нь Богд Зонхов Лувсандагвын дээд төрөл байсан юм. Сумади гэдэг нь Сайн Оюунт гэсэн утгатай санскрит үг. Төвдөөр бол Лувсан юм.

Манзушир Бурхан бодитоор залран ирж Богд Зонховт ном заадаг байсан гэдэг.

Тэрээр өөрийн багш Рэндааваад зориулан залбирал зохион өргөхөд багш нь: "Энэ магтаал надад биш, чамд илүү зохих юм байна" хэмээгээд өөрийнхөө нэрний оронд Богд Зонховын нэрийг бичээд буцаагаад өргөсөн нь Гэлүгба нарын уншдаг мигзэм хэмээх залбирал юм. Мигзэмийг монголчилвол:

Зоригдол үгүй энэрэлийн их хуу сан Жанрайсиг
Хир үгүй айлдлын эрхэт Манзушир
Шулмасын өмгийн хоцроолгүй даран зоxиогч Очирваань
Цастын мэргэдийн оройн чимэг Зонхова
Лувсандагвын өлмий дор соёрхол талибъя гэсэн утгатай...

Богд Зонховын тухай нэг иймэрхүү. Хүний амьдрал гэж сонин байх юм. Жоохон байхад сургуульд Шарын шашин, Богд Зонховыг муулсан түүхийн хичээл ордог байв. Монгол улс доройтсон гол шалтгаан нь явж явж Богд Зонхов болж таардаг байв. Богд Зонхов, Шарын шашны тухай 20 хүртлээ өөдтэй юм бараг дуулж байсангүй. Гэтэл өнөөдөр Богд Зонховынхоо фэн нь болчихсон явж байдаг. Хамгийн сүүлд 3 жилийн өмнө Баабар гуайн "Нүүдэл Суудал"-аас  Богд Зонхов, Шарын шашин хоёрыг муулсан юм уншаад "хүн ер нь мэдэхгүй зүйлийнхээ тухай дуугай байвал зүгээр юм байна" гэж бодож билээ. Баабар гуай Барууны нэг ядмагхан судлаач баачкагийн бичсэн юмыг олж уншчихаад л Шарын шашныг тэр үед баахан муулсан байх. Шарын шашныг муулсан түүний нийтлэлийн дараахан Энэтхэгт олон жил Бурханы ном үзсэн Нямсамбуу гэдэг залуу "Шашнаа өмөөрөхүй" гээд хариу нийтлэл бичсэн юм. Тэрнээс хойш Баабар гуай Шарын шашны тухай дуугарахаа больсон. Бодвол миний өмнө бодсонтой ижил зүйл бодсон байх.
Ай хөөрхий гэж... Уул нь Богд Зонховын тухай жоохон юм бичье гэж бодсон чинь дашрамд нь Баабар гуайгаа муулчихлаа. Нэгийг нь сайлахын тулд нөгөөг нь муулдаг зан бол их муухай зан л даа. Гүй одоо яая гэхэв дээ, цагаан дээр хараар, улаан цайм Богд Зонховын талаар баахан ташаа юм биччихсэн байгаа юм чинь... Фэн нь ухаантай юм чинь би гэдэг хүн бас яаж зүгээр байхав дээ...

Published with Blogger-droid v2.0.9

Monday, September 10, 2012

Дахиад л үхлийн тухай

Хорвоогийн нэг өдөр өнгөрлөө. Өдөр хоног өнгөрөх бүр, бид нар үхэлд ойртдог. Ирээдүйд зайлшгүй, гарцаагүй тохиох зүйлд бэлтгэлтэй байх нь мэдээж муу зүйл биш. Юу ч бэлдээгүй байж байтал, гэнэт л нэг тийш зайлшгүй нүүх хэрэгтэй болбол сандарч мэгдээд бөөн юм болох нь ойлгомжтой. Эцсийн мөчид бид барьц алдахгүй байх хэрэгтэй. Энэ бол маш чухал. Хорвоогийн нүүдэл суудалаа гэж... Ай хөөрхий гэж...

Published with Blogger-droid v2.0.9

Thursday, September 6, 2012

Өөрийгөө би хоосон хэмээн сэтгэнэ...

Өөрийгөө би хоосон хэмээн сэтгэнэ
Өрөөлийн шидсэн чулуу
Өр зүрхийг минь онохгүй.

Өөрийгөө би хоосон хэмээн сэтгэнэ
Үдшийн жихүүн салхи намайг
Торох үгүй нэвтлээд л...

Өөрийгөө би хоосон хэмээн сэтгэнэ
Гэрэлд дураараа уусна
Сүүдэр ч үгүй.

Өөрийгөө би хоосон хэмээн сэтгэнэ
Чих үл сонсоно
Чимээ аниргүй.

Өөрийгөө би хоосон хэмээн сэтгэнэ
Өрөөл рүү шидэх чулууг
Атгаж үл чадна.

Өөрийгөө би хоосон хэмээн сэтгэнэ
Өрөөл дээр тусах нарны гэрлийг Сүүдэрлэж үл чадна.

Өөрийгөө би хоосон хэмээн сэтгэнэ
Дайсан ч үгүй, садан ч үгүй
Тачаал, шунал, уур үгүй.

Өөрийгөө би хоосон хэмээн  сэтгэнэ
Тулах ч үгүй, торох ч үгүй
Тув тунгалаг.

Өөрийгөө би хоосон хэмээн сэтгэнэ
Өнгөт орчлонгийн үзэгдэл бүхнийг
Өөртөө уусгана.

Өөрийгөө би хоосон хэмээн сэтгэнэ...

Published with Blogger-droid v2.0.9

Өөрийгөө би хоосон хэмээн сэтгэнэ.

Өрөөлийн шидсэн чулуу
Өр зүрхийг минь онохгүй
Өөрийгөө би хоосон хэмээн сэтгэнэ.

Үдшийн жихүүн салхи намайг
Торох үгүй нэвтлээд л...
Өөрийгөө би хоосон хэмээн сэтгэнэ.

Гэрэлд дураараа уусна
Сүүдэр ч үгүй
Өөрийгөө би хоосон хэмээн сэтгэнэ.

Чих үл сонсоно
Чимээ аниргүй
Өөрийгөө би хоосон хэмээн сэтгэнэ.

Өрөөл рүү шидэх чулууг
Атгаж үл чадна
Өөрийгөө би хоосон хэмээн сэтгэнэ.

Дайсан ч үгүй, садан ч үгүй
Тачаал, шунал, уур ч үгүй
Өөрийгөө би хоосон хэмээн сэтгэнэ.

Тулах ч үгүй, торох ч үгүй
Тув тунгалаг
Өөрийгөө би хоосон хэмээн сэтгэнэ.

Өөрийгөө би хоосон хэмээн сэтгэнэ
Өнгөт орчлонгийн үзэгдэл бүхнийг
Өөртөө уусгана.

Өөрийгөө би хоосон хэмээн сэтгэнэ...

Published with Blogger-droid v2.0.9

Wednesday, September 5, 2012

Энэ жишээн дээр анализ хийе...

Аливаа юмс яг л бидний бодсон шиг оршин байдаг гэж бид нар итгэдэг. Жишээ нь: нэг эр нэгэн эмэгтэйг харлаа гэж бодъё. Тэр эр эмэгтэйн өнгө зүс, бие галбир гээд гадаад үзэмж байдлыг харсан дариудаа л "энэ үнэхээр сайхан эмэгтэй байна" гэж бодлоо гэж бодъё. Энэ мөчид мань эр тэр хүүхнийг яг л өөрийн бодсон шигээ "бодит байдалд ч гэсэн тийм л сайхан хүн" гэж өөрийн эрхгүй бодлоо гэж бодъё. Улмаар мань эр тэр эмэгтэйтэй танилцахыг, ойр байхыг хүснэ. За тэгээд нөгөө эмэгтэй нь ч гэсэн мань эрд нүүр өгөөд л, хоёр биенээ сайхнаар төсөөлөөд л, ээрч муураад л солонгос кинон дээр гардаг шиг хайр дурлал өрнөлөө гэж бодъё. Энэ явдлаас хойш нэг эсвэл хоёр жил, эсвэл хоёр юмуу гурван сар өнгөрлөө... Oдоо мань эрийн тэр эмэгтэйн талаархи анхны бодлууд өөрчлөгдөж ирнэ: Унтахдаа хурхирдаг юм байна. Ядаж долоо хоногтоо нэг удаа усанд орж байхгүй бол биенийх нь үнэр танар гэж хэцүүдэх шинжтэй юм байна. Маш их яриа. Бас их хардамтгай. За тэгээд уурлуулах юм бол бүүр ч аймаар болдог юм байна гээд л, эмэгтэйн зан чанарыг таньж эхэлнэ. Цаашид мань эрийн ухаан хүрээд бүсгүйн талаархи анхны бодлууддаа хулхидуулсан болохоо ойлголоо гэж бодъё... Зиа энэ бол жишээ. Одоо энэ жишээн дээр анализ хийе. Энэ бол хэн нэгнийх нь буруу биш. Тэр тусмаа эмэгтэйн ч буруу биш.

Бидний аливаа юмсын талаархи бодсон бодлууд - яг л бодсон шиг минь бодит байдалд ч гэсэн тийм л байдаг гэсэн атгаг бодлууд - юмсын оршин байгаа бодит байдлын талаархи буруу төсөөллүүд. Гол буруутан нь энэ л юм. Үүнийг Буддизмд мунхаг гэж нэрлэдэг. Энэ л мунхагийг зовлонгийн гол шалтгаан гэж Буддизмд үздэг. Бодит байдлын талаархи бидний бодлууд хир их үнэн учир шалтгаанд суурилсан байна, тэр төдийгөөр бид нар зөв шийдвэр гаргаж, зовлон багатай амьдарч чадах юм. Юмсын оршин байгаа бодит байдлын мөн чанарыг таньж чадвал, өөрөөр хэлбэл зовлонгийн гол шалтгаан болсон мунхагийг арилгаж чадвал зовлонгоос гэтэлж чадна гэж Буддизмд үздэг билээ... Овоо босгоогүй бол шаазгай юунд суух вэ гэдэг шиг л...

Published with Blogger-droid v2.0.9

Monday, September 3, 2012

Үүгээрээ би юуг хэлэх гэсэн бэ гэвэл:

Будда шавь нарынхаа сэтгэл оюуны төвшинд тааруулж номоо номлосон. Нэгэн шавьдаа "эцэг эхээ алах хэрэгтэй" гэж номлож байв. Гэвч тэр шавь нь Буддагаас ном сонссон дариудаа л хаан эцэгээ хөнөөсөндөө гэмшиж Буддад үнэн сэтгэлээсээ биширсэн гэдэг. Бас өөрийн мөн чанараасаа, юунаас ч хамааралгүйгээр, дангаараа бие даан оршигч "би" байхгүй боловч Будда зарим нэг буруу үзэлтэй шавь нартаа 'тийм "би" байг
аа' гэж номлож байв. Ингэж номлосны хүчинд тэдгээр нөхдүүд Буддагийн сургаалийг хүлээн зөвшөөрч, хожимоо зовлонгоос гэтэлсэн гэдэг. Энэ бичлэгээрээ би юуг хэлэх гээд байна вэ гэвэл: Үг бол нохойн жогорхой. Харин үгийн илэрхийлж буй утга маш чухал. Үгийг өнгөц оюунаар хүлээж авбал өнгөц төдий мэдрэмж л сэтгэлд үүснэ. Мэдрэмж төдий ухамсар бол нохойн жогорхой. Харин утгыг нь мэдсэн/таньсан шинжлэл төгөлдөр ухамсар бол хажууд нь намрын сайхан айраг л гэсэн үг. Айргийн амт нь чимчигнэсэн гээд нэг сайхан дуу байдаг даа...