Wednesday, May 21, 2014

Tara Children's Home

Сэтгэлийн их хоосрол, энэлгээт мэдрэмжүүд, зовлон, шаналал, уйтгар гуниг... энэ бүхэн өдөр тутам, цаг минут тутамд зөвхөн өөрийнхөө сайн сайхны төлөө санааширч, бодолд автаж, зөвхөн өөрийнхөө төлөө бусдыг хайрлаж, бас үзэн ядсаны үр дүн ч юм шиг...

Хэдүүлээ одоо өөрсдийгөө ор тас мартаад бусдын төлөө маани тоолцгооё. Эдгэршгүй өвчтэй ах дүү хоёр хүүхэд байна. Эцэг эх хоёр нь хоёулаа ДОХ-оор нас барцгаасан. Энэтхэгийн бөглүү тосгоны энэ хоёр хүүхдийн оронд өөрсдийгөө орлуулж бодоцгооё... Юу юугаа ч мэдэхгүй жоохон хүүхэд... Хоол унд, хувцас хунар ч олдохгүй... Харж хандах хүнгүй... Хэзээ ч ДОХ-оор үхэж болох... Хэсэгхэн хором өөрсдийгөө энэ хоёр хүүхдийн оронд орлуулж бодоцгооё... Би ийм газар ийм болж төрөөгүйдээ баяртай байна гэж бахдалгүй хэсэгхэн хором ч гэсэн энэ хоёр хүүхдийн нэгнийх нь оронд өөрсдийгөө орлуулж бодоцгооё. Өвчин шаналал, үхэл хагацлаас өөр ямар ч ирээдүй байхгүй... Өвчиндөө шаналсаар үхэх тавилантай...

Одоо өөр эдгэршгүй өвчтэй хүмүүсийн тухай бодоцгооё... Хорт хавдар, ДОХ... гэх мэт... Мөн л өвчиндөө шаналсаар үхэх тавилан...

Одоо мааниа тоолцгооё... Энэ бүх өвчин зовлон үгүй болохын төлөө, энэ их хэрүүл тэмцэл, дайн тулаан үгүй болохын төлөө... өлсгөлөн, байгалийн гамшиг бүхэн үгүй болохын төлөө... Өөрийгөө ор тас мартаад зөвхөн бусдын сайн сайхны төлөө мааниа тоолцгооё.

УМ МАНИ БАДМЭ ХУМ, УМ МАНИ БАДМЭ ХУМ, УМ МАНИ БАДМУ ХУМ, УМ МАНИ БАДМЭ ХУМ, УМ МАНИ БАДМЭ ХУМ, УМ МАНИ БАДМЭ ХУМ, УМ МАНИ БАДМЭ ХУМ, УМ МАНИ БАДМЭ ХУМ...

Энэ зурган дээрх ах дүү хоёр хоёулаа хүний дархлал хомсдолын вирустай (HIV). Энэ вирус аажмаар ДОХ (AIDS) үүсгэдэг. Эцэг эх хоёр нь хоёулаа ДОХ-оор нас барсан. Одоо энэ хоёр хүүхэд Энэтхэгийн Бихар мужийн Бодьгаяа дахь Tara Children's Home гэх буяны байгууллагад НIV-аар өвчилсөн бусад хорь орчим хүүхдийн хамт амьдарч байгаа. Их Хөлгөний Уламжлалыг Хадгалах Олон Улсын Төв (FPMT) -ийн номын тэргүүн Түвдэн Зопа Ринбүүчи ламтаны нигүүлсэхүй сэтгэлийн хүчээр эдгээр хүүхдүүд орох оронтой, оочих аягатай болж, сургуульд сурч байна. Мөн Ринбүүчийн өгөөмөр сэтгэлийн хүчээр Бодьгаяа дахь гэр оронгүй, өнчин өрөөсөн олон хүүхэд сургуульд сурч байна.

Та эдгээр хүүхдүүдэд туслах боломжтой. (http://www.rootinstitute.com/tarachildren.html)
Нэг Баасан гарагт гэрээсээ гаралгүй байж, тэр өдөр үрэх мөнгөө ч юм уу... Эсвэл цалингаасаа... бизнесийнхээ ашгаас бага ч атугай хандивлавал тэдгээр хүүхдүүд хэрэгтэй эм тариа, хичээлийн хэрэгсэл, оо саван гээд зөндөө юмтай болж болох юм.

Таны маани тоолсны хүчээр Зопа Ринбүүчи ламтан урт удаан наслаж, бусдын төлөө хэрэгжүүлж буй олон буяны төслүүд нь амжилттай хэрэгжих болтугай. Мөн Ажиа Ринбүүчийн монголд бариулж буй хорт хавдартай хүүхдүүдэд зориулсан эмнэлэгийн барилгын ажил, санхүүжилт зэрэг нь саадгүй бүтэх болтугай.

No comments:

Post a Comment

comment