Бүгдээрээ нэг бясалгал хийцгээе. Зүгээр л өдөр дутам бодож, сэтгэж байдаг зүйлээсээ түр зуур хөндийрч өөр зүйл рүү оюун санаагаа хандуулцгаая.
Хүний нас богино. Зарим тохиолдолд хүмүүс 60 хүрээд л өнгөрч байна. Өөрийнхөө насалж болох насны дээд хэмжээнээс одооныхоо насыг хасъя. 60 жил, 40 жил, 20 жил, 10 жил... маш богино хугацаа... Өдөр хоног өнгөрөх тусам бидний амьд явах хугацаа хорогдож байдаг. Магадгүй ойрын жилүүдэд ч ертөнцийн мөнх бусыг үзүүлж болох...
Бид л оюун санаагаараа "өнөө маргаашдаа үхэхгүй урт удаан амьдарна" гээд бодчихсон, түүндээ итгэчихсэн байдаг болохоос биш үнэндээ хэзээ ч үхэж болно. Ингэж бичлээ гээд муу ёр гэж эмээж бишүүрхэх хэрэггүй. Энэ зүгээр л бодит байдал. Итгэхгүй бол аль хэдийнээ цэл залуугаараа ертөнцийн мөнх бусыг үзүүлчихсэн таньж мэддэг хэн нэгнийг санаарай. Энэ бодит байдлын талаар дахин нэг бодоцгооё. ... ...
Одоо өөрийн хайртай хүмүүсийн тухай бодоцгооё. Үхэх үедээ та тэднийг дахин хэзээ ч уулзахгүйгээр үүрд орхин явна. Эсвэл тэдний хэн нэгэн үхэх үед таныг үүрд орхин одох болно. Энэ ч гэсэн бодит байдал.
Амьд байх хором бүртээ шунан дурлаж, таван мэдрэхүйгээр хүрэлцэх бүхнээс илүү их бие хийгээд сэтгэлийн таашаал авах гэж хичээж, тэмүүлж амьдарсан ч энэ бүхэн үхэх үед дурсамж л болно. Энэ ч гэсэн бодит байдал.
Таны урлаж хийж бүтээсэн бүхэн эцэстээ эвдэрнэ. Хүмүүнлэг, энэрэнгүй, соён гэгээрүүлэгч, суут сэтгэгч, зохиолч гэгдэх нэр алдар бүхэн эцэстээ хоосон цуурай шиг замхарна. Энэ ч гэсэн бодит байдал.
Шал дэмий, шал балай юм уншчихлаа гэж бодож болох.
Тэгээд яг юу гэх гээд байгаа юм? Яаж ч амьдарсан ямар ч үр дүнгүй юм уу? гэж бодож ч болох... Энэ бодол ч гэсэн түр зуурынх...
Маш өндөр ургасан зарим мод мөчрөө даахгүй унадаг даа. Тийм модны сүүдэрт нэг нөхөр унтаж байж. Тэр нөхрийг унтаж байх зуур сүүдэрлэж байсан мод нь мөчрөө даалгүй унах гэж байгааг мэдсэн өөр нэг нөхөр хүрч ирээд гартаа барьж явсан саваа модоороо өнөөх унтаа нөхрийг цохин сэрээж. Мань эр сэрээд бушуухан зайлж бэртэж гэмтэлгүй үлджээ.
Буддизмд мөнх бусын бясалгалыг дээрх жишээний саваа модоор цохихтой зүйрлүүлдэг. Энэхүү бясалгал оюун санааг сэрээж бодит байдлыг байгаагаар нь таних үүд хаалгыг нээж өгдөг байна.
No comments:
Post a Comment
comment