Wednesday, November 19, 2014

Ямар нэгэн онц гойд юмны тухай биш ч танд хэрэг болж магад...

Энд бичих зүйлс хижээл насныханд нилээн тохирох болов уу гэж бодлоо.

Их хотод ажиллаж амьдрах хэцүү. Нийгмийн харилцаанд цайлшгүй орох шаардлагатай болдог. Дулмааг хардаж, Цэцгээд дурлаж, Доржийг загнаж, Батад долигнож, Баярааг балбах гээд л... Бүх юмаа төлөвлөж тооцоолох, цаг хугацаанд амжуулах гээд л...

Амьдралын энэ хэв маяг өөрөө стресс, сэтгэл ханамжгүй байдал гэх мэт дотоод сэтгэлийн болон биеийн өвчин зовлонгийн шалтгаан болдог. Тиймээс долоо хоногт ядаж нэг удаа ч болов бясалгалын хичээлд сууж, дотоод сэтгэлдээ тариа хийлгэж байхгүй бол үрчийсэн хар амьтан болно шүү!

Төвдийн Бурханы шашны гаржудба урсгалын тэргүүн XVII Гармаба лам их хотын иргэ шураг болсон хүмүүст шамата буюу амирлан оршихуйн бясалгалыг санал болгосон байсан. Хийхэд их амархан. Биед эвтэйхэн байрлалаар суугаад сэтгэлээ нэг зүйл дээр төвлөрүүлэх. Юун дээр ч төвлөрүүлж болно: хөргөгчний чимээ, бурхан багшийн дүр, загалмай, бөөгийн хэнгэрэг, аягатай цай, гар утас г.м...

Завтай бол Випашяна бясалгалын курсэд суувал бүр зүгээр. Зэнгийн бясалгалд суусан ч болно.

Өдөр тутамд хийсний үр дүнд гэгээрэхгүй, баяжихгүй, өвдөж ч болно, үхэж ч болно; юунд ч уурлахгүй байж чаддаг болохгүй, огт стрессгүй болохгүй, өнгө зүс мууддагаараа муудаж, хөгширдөгөөрөө хөгширнө, гэхдээ энэ бясалгалыг хийхгүй байснаас хамаагүй дээр байх болов уу :)

Wednesday, May 21, 2014

Tara Children's Home

Сэтгэлийн их хоосрол, энэлгээт мэдрэмжүүд, зовлон, шаналал, уйтгар гуниг... энэ бүхэн өдөр тутам, цаг минут тутамд зөвхөн өөрийнхөө сайн сайхны төлөө санааширч, бодолд автаж, зөвхөн өөрийнхөө төлөө бусдыг хайрлаж, бас үзэн ядсаны үр дүн ч юм шиг...

Хэдүүлээ одоо өөрсдийгөө ор тас мартаад бусдын төлөө маани тоолцгооё. Эдгэршгүй өвчтэй ах дүү хоёр хүүхэд байна. Эцэг эх хоёр нь хоёулаа ДОХ-оор нас барцгаасан. Энэтхэгийн бөглүү тосгоны энэ хоёр хүүхдийн оронд өөрсдийгөө орлуулж бодоцгооё... Юу юугаа ч мэдэхгүй жоохон хүүхэд... Хоол унд, хувцас хунар ч олдохгүй... Харж хандах хүнгүй... Хэзээ ч ДОХ-оор үхэж болох... Хэсэгхэн хором өөрсдийгөө энэ хоёр хүүхдийн оронд орлуулж бодоцгооё... Би ийм газар ийм болж төрөөгүйдээ баяртай байна гэж бахдалгүй хэсэгхэн хором ч гэсэн энэ хоёр хүүхдийн нэгнийх нь оронд өөрсдийгөө орлуулж бодоцгооё. Өвчин шаналал, үхэл хагацлаас өөр ямар ч ирээдүй байхгүй... Өвчиндөө шаналсаар үхэх тавилантай...

Одоо өөр эдгэршгүй өвчтэй хүмүүсийн тухай бодоцгооё... Хорт хавдар, ДОХ... гэх мэт... Мөн л өвчиндөө шаналсаар үхэх тавилан...

Одоо мааниа тоолцгооё... Энэ бүх өвчин зовлон үгүй болохын төлөө, энэ их хэрүүл тэмцэл, дайн тулаан үгүй болохын төлөө... өлсгөлөн, байгалийн гамшиг бүхэн үгүй болохын төлөө... Өөрийгөө ор тас мартаад зөвхөн бусдын сайн сайхны төлөө мааниа тоолцгооё.

УМ МАНИ БАДМЭ ХУМ, УМ МАНИ БАДМЭ ХУМ, УМ МАНИ БАДМУ ХУМ, УМ МАНИ БАДМЭ ХУМ, УМ МАНИ БАДМЭ ХУМ, УМ МАНИ БАДМЭ ХУМ, УМ МАНИ БАДМЭ ХУМ, УМ МАНИ БАДМЭ ХУМ...

Энэ зурган дээрх ах дүү хоёр хоёулаа хүний дархлал хомсдолын вирустай (HIV). Энэ вирус аажмаар ДОХ (AIDS) үүсгэдэг. Эцэг эх хоёр нь хоёулаа ДОХ-оор нас барсан. Одоо энэ хоёр хүүхэд Энэтхэгийн Бихар мужийн Бодьгаяа дахь Tara Children's Home гэх буяны байгууллагад НIV-аар өвчилсөн бусад хорь орчим хүүхдийн хамт амьдарч байгаа. Их Хөлгөний Уламжлалыг Хадгалах Олон Улсын Төв (FPMT) -ийн номын тэргүүн Түвдэн Зопа Ринбүүчи ламтаны нигүүлсэхүй сэтгэлийн хүчээр эдгээр хүүхдүүд орох оронтой, оочих аягатай болж, сургуульд сурч байна. Мөн Ринбүүчийн өгөөмөр сэтгэлийн хүчээр Бодьгаяа дахь гэр оронгүй, өнчин өрөөсөн олон хүүхэд сургуульд сурч байна.

Та эдгээр хүүхдүүдэд туслах боломжтой. (http://www.rootinstitute.com/tarachildren.html)
Нэг Баасан гарагт гэрээсээ гаралгүй байж, тэр өдөр үрэх мөнгөө ч юм уу... Эсвэл цалингаасаа... бизнесийнхээ ашгаас бага ч атугай хандивлавал тэдгээр хүүхдүүд хэрэгтэй эм тариа, хичээлийн хэрэгсэл, оо саван гээд зөндөө юмтай болж болох юм.

Таны маани тоолсны хүчээр Зопа Ринбүүчи ламтан урт удаан наслаж, бусдын төлөө хэрэгжүүлж буй олон буяны төслүүд нь амжилттай хэрэгжих болтугай. Мөн Ажиа Ринбүүчийн монголд бариулж буй хорт хавдартай хүүхдүүдэд зориулсан эмнэлэгийн барилгын ажил, санхүүжилт зэрэг нь саадгүй бүтэх болтугай.

Thursday, March 6, 2014

Саваа мод

Бүгдээрээ нэг бясалгал хийцгээе. Зүгээр л өдөр дутам бодож, сэтгэж байдаг зүйлээсээ түр зуур хөндийрч өөр зүйл рүү оюун санаагаа хандуулцгаая.
Хүний нас богино. Зарим тохиолдолд хүмүүс 60 хүрээд л өнгөрч байна. Өөрийнхөө насалж болох насны дээд хэмжээнээс одооныхоо насыг хасъя. 60 жил, 40 жил, 20 жил, 10 жил... маш богино хугацаа... Өдөр хоног өнгөрөх тусам бидний амьд явах хугацаа хорогдож байдаг. Магадгүй ойрын жилүүдэд ч ертөнцийн мөнх бусыг үзүүлж болох...
Бид л оюун санаагаараа "өнөө маргаашдаа үхэхгүй урт удаан амьдарна" гээд бодчихсон, түүндээ итгэчихсэн байдаг болохоос биш үнэндээ хэзээ ч үхэж болно. Ингэж бичлээ гээд муу ёр гэж эмээж бишүүрхэх хэрэггүй. Энэ зүгээр л бодит байдал. Итгэхгүй бол аль хэдийнээ цэл залуугаараа ертөнцийн мөнх бусыг үзүүлчихсэн таньж мэддэг хэн нэгнийг санаарай. Энэ бодит байдлын талаар дахин нэг бодоцгооё. ... ...

Одоо өөрийн хайртай хүмүүсийн тухай бодоцгооё. Үхэх үедээ та тэднийг дахин хэзээ ч уулзахгүйгээр үүрд орхин явна. Эсвэл тэдний хэн нэгэн үхэх үед таныг үүрд орхин одох болно. Энэ ч гэсэн бодит байдал.

Амьд байх хором бүртээ шунан дурлаж, таван мэдрэхүйгээр хүрэлцэх бүхнээс илүү их бие хийгээд сэтгэлийн таашаал авах гэж хичээж, тэмүүлж амьдарсан ч энэ бүхэн үхэх үед дурсамж л болно. Энэ ч гэсэн бодит байдал.

Таны урлаж хийж бүтээсэн бүхэн эцэстээ эвдэрнэ. Хүмүүнлэг, энэрэнгүй, соён гэгээрүүлэгч, суут сэтгэгч, зохиолч гэгдэх нэр алдар бүхэн эцэстээ хоосон цуурай шиг замхарна. Энэ ч гэсэн бодит байдал.

Шал дэмий, шал балай юм уншчихлаа гэж бодож болох.
Тэгээд яг юу гэх гээд байгаа юм? Яаж ч амьдарсан ямар ч үр дүнгүй юм уу? гэж бодож ч болох... Энэ бодол ч гэсэн түр зуурынх...


Маш өндөр ургасан зарим мод мөчрөө даахгүй унадаг даа. Тийм модны сүүдэрт нэг нөхөр унтаж байж. Тэр нөхрийг унтаж байх зуур сүүдэрлэж байсан мод нь мөчрөө даалгүй унах гэж байгааг мэдсэн өөр нэг нөхөр хүрч ирээд гартаа барьж явсан саваа модоороо өнөөх унтаа нөхрийг цохин сэрээж. Мань эр сэрээд бушуухан зайлж бэртэж гэмтэлгүй үлджээ.

Буддизмд мөнх бусын бясалгалыг дээрх жишээний саваа модоор цохихтой зүйрлүүлдэг. Энэхүү бясалгал оюун санааг сэрээж бодит байдлыг байгаагаар нь таних үүд хаалгыг нээж өгдөг байна.