Сүүлийн жилүүдэд монголчуудын дунд христийн шашинтнууд олшрох болсон. Зарим хүмүүс тэднийг их гадуурхдаг. Тэгсэн хэрнээ хүний эрх, ардчилалын үнэ цэнэ гэж яриад байдаг. Би л хувьдаа буддист гэдгээрээ бусдад гадуурхагдахыг хүсдэггүй. Тэд ч бас гадуурхагдахыг хүсдэггүй байх.
Ер нь бусдыг үзэл бодол, шашин шүтлэгээр нь гадуурхана гэдэг тэнэг хүний л хийх хэрэг. Энэ нь замба идэх дургүй хүнийг чи заавал замба ид гээд хүчлэх, эсвэл замба иддэггүй ямар тэнэг юм бэ гээд шоолохтой л ижил тэнэг хэрэг.
Монголчуудын ихэнх нь нэг шашин шүтэж, оюун санааны хувьд нэгмдэл байгаасай гэж би хүсдэг. Гэхдээ энэ миний л бодол. Ганц өөрийнхөө бодлыг зөв гээд бусдынхыг үгүйсгэх нь бас л нэг төрлийн зовлонгийн шалтгаан.
Дотоод сэтгэлийн амар амгаланг хүсдэг бол бусдыг муулах биш, хүлээн зөвшөөрч, үзэл бодлыг нь хүндэтгэх хэрэгтэй гэдгийг сүүлийн хэдэн жил л мэдэрч байна. Бусдыг муулаад дотоод сэтгэлийн амгаланг олдог бол хүний нийгэмд стресс гэдэг зүйл байхгүй байх байсан болов уу..?
No comments:
Post a Comment
comment