Өнөөдөр зуны эхэн сарын шинийн 15-ний өдөр. Энэ өдөр Шагжамүни Бурхан Багшийн эхээс мэдэлсэн, төгс гэгээрлийн хутгийг олж Будда болсон, нирваан дүрийг үзүүлж гаслангаас нөгчсөн гэсэн гурван зохионгуй давхацдаг учир энэ өдөр буддистууд Бурхан Багшийн ачийг санан дурсаж, буян номд шамдаж, өргөн дэлгэр тэмдэглэдэг уламжлалтай.
Бурханы номд: мунхаг, уур, шунал зэрэг хорт сэтгэлээр өдөөгдөөгүй (сэдэлжээгүй) бие, хэл, сэтгэлийн үйлийг буяны үйл хэмээн тодорхойлсон байдаг.
Ум Мүни Мүни Маха Мүниеэ Суха. Энэ Шагжаминү Бурхан багшийн зүрхэн тарни. Үүнийг унших төдийгөөр огторгуйн эн лугаа сацуу хязгааргүй их буяныг хураана гэж сударт айлдсан байдаг. Яагаад тийм их буян хураадгийг би ерөөсөө ойлгодоггүй. Будда бүхэн арван хүчийг эрхшээсэн байдаг бөгөөд үүний нэг нь ерөөлийн хүч юм: Будда бүхэнд өөрийн зүрхэн тарни гэж бий. Будда бүхэн туулсан бодийн хутгийг олохоосоо өмнө буюу Бодьсадва байх үедээ, мунхгийн далайд живсэн зовлонт амьтан алин миний зүрхэн тарнийг өгүүлэх төдийд түүний сэтгэлд ирээдүйд зовлонгийн далайгаас гэтэлж Будда болох авъяас суух болтугай, эс бөгөөс би бээр Будда хэзээ ч эс болох болтугай гэх мэтээр хатуу хүчтэй ерөөл тавьдаг гэсэн.
Өчүүхэн арвайн үрд тариа болж ургах чадал байдаг шиг тарнид ч гэсэн аугаа их чадал байдаг юм шүү хэмээн багш маань айлдаж байсан.
Ноён Хутагт Данзанравжаа зэрэг нууц тарнийн дээд шидийг олсон эрдэм чадалтай лам нар дээр үед олон байсан тухай өгүүлдэг домог яриа зөндөө байдаг.
Ум Майдри Майдри Маха Майдриеэ Суха. Энэ Ирээдүйд ертөнцөд залрах Майдар Бурханы зүрхэн тарни. Энэ бичлэгийг уншиж байгаа харилцан адилгүй үзэл бодолтой, шашин шүтлэгтэй хүн бүхэн хийгээд цаашлаад тэдгээр хүмүүсийн гэр орон, ах дүү амраг садан хийгээд цаашлаад тэдний гэр оронд нь байгаа нохой, муур, жоом, ялаа, батгана, өчүүхэн жижиг хорхой тэргүүтэн амьтан бүхэн ирээдүйд Майдар Бурхан лугаа бодтой учирч зовлонгоос үүрд хагацах болтугай хэмээн ерөөл тавъя даа гэж... Ум Мани Бадмэ Хум...
No comments:
Post a Comment
comment