Хэдэн
зуун жилийн турш Халх, Өвөр монгол, Ойрд, Буриад, Тагна Урианхай (Тува), Халимаг гээд монгол
туургатнуудын оюун санааг Бурханы Шашин, Богд Жавзандамба Хутагтууд нэгтгэсээр
ирсэн билээ. Талцаад хуваагдаад унахаараа л бусдын тавган дээр бэлэн хоол
болоод байдаг монголчууд оюун санааны хувьд нэгдмэл байх нь мэдээж муу зүйл
биш.
Бүх
монгол туургатнууд оюун санаагаараа нэгдмэл байх боломж өдий хүртэл байсаар. Энэтхэгт цагаачлан сууж буй Дээрхийн Гэгээн XIV Далай Лам нэгэн удаа номоо айлдаж эхлэхийнхээ өмнө <<Монгол туургатнууд байна уу?>> гэж асуухад Монгол, Буриад, Халимаг, Тувагаас ирсэн монголчууд хоёр гартаа
цэнхэр хадаг өргөөд “хурай, хурай” хэмээн шуугилдаж байсан гэдэг. Миний бие жил гарны өмнө
энэтхэгт Бурханы ном үзэхээр цагаачлан ирсэн өвөр монгол лам нартай уулзах
завшаан тохиож, ярилцаж байхад тэд, манай (өвөр) монголчууд Бурханы номоо сайн мэдэхгүй ч өнөө хир
Бурханы шашинд сүжиглэсээр байна хэмээн ярьж байв. Халимагийн ерөнхийлөгч асан
Кирсан Илюмжинов америк дахь халимагуудын дундаас тодорсон Дилав Хутагтын хойд
дүрийг халимагт залж, шашны тэргүүнээр өргөмжлөв. Буриадад дэлхий дахиныг
шуугиулж буй, нууц тарнийн гүн бясалгалд оршсон Итгэлт Хамбын лагшин бие ил болж
олон түмний Буддын шашинд итгэх итгэлийг сэргээж байна. Тувагийн томчууд олон
түмэнд Бурханы шашнаа таниулах тал дээр анхаарч гаднаас ном эрдэмтэй лам нарыг
залдаг гэсэн. Монголд, урьд шашин төрийн хэргийг үүрч байсан Зая Гэгээн, Ламын
Гэгээн, Жалханз Хутагт, Манзушир Хутагт нарын хойд дүрүүд тодорч, IX дүрийн Богд Жавзандамба Хутагт монгол оронд эргэж төрөхөө
амлаад нирваан болов. Бурханы шашны мөн чанарыг ойлгосон залуус нэгдэн нийлж
сургалт, лекц зохион байгуулах болов.
Хувь
заяаны эрхээр тасарсан монгол туургатнууд оюун санааны хувьд нэгдмэл байх боломж
одоо хүртэл байсаар л... Монголын сүсэгтнүүд X Богдоо
хүлээсээр...
Магадгүй
10 жилийн дараа, X Богд тодорч, монголын Бурханы
шашин сэргэх (хүмүүсийн Бурханы шашны талаарх
мэдлэг дээшилж, амьдрахын эрхээр, хоол олохын тулд мэргэ төлөг, гүрэм засал
хөөж, лам дээл өмссөн мухар сүсгийн бизнесмэнүүдийн зах зээл үгүй болох) тэр үед Монголчууд бид Буриад, Халимаг, Тува, Өвөр
монголоос хэн ч ирж суралцаж болох Бурханы Шашны Их Сургууль байгуулж, тэндээ
Буддизмаас гадна монгол хэл, бичиг, түүх заадаг болбол монгол туургатнууд ирж
суралцах л байх даа хөөрхий... Магадгүй 10
жилийн
дараа...
Аая яаа яаа. Миний мөрөөдөл тэгвэл 10-н жилийн дараа.
ReplyDeleteМагадгүй 10 жилийн дараа, X Богд тодорч, монголын Бурханы шашин сэргэх (хүмүүсийн Бурханы шашны талаарх мэдлэг дээшилж, амьдрахын эрхээр, хоол олохын тулд мэргэ төлөг, гүрэм засал хөөж, лам дээл өмссөн мухар сүсгийн бизнесмэнүүдийн зах зээл үгүй болох) ..... гэсэн нь үнэхээр гайхамшигтай.