Амьд амьтан бүхэн урьд төрөлдөө үйлдсэн үйлийнхээ үр дүн нь юм, Ертөнцийг Бурхан бүтээгээгүй, Ертөнцөд эхлэл гэж байдаггүй, Ертөнц тэргүүлшгүй цагаас (ертөнцөд эхлэл гэж байхгүй учраас цаг хугацаанд ч мөн адил эхлэл гэж байхгүй) үүсэн устаж оршсоор ирсэн, Тоолшгүй олон төрлийн амьтан, тоолшгүй олон төрлийн ертөнц бий, Орчлонд хэмжээ хязгаар үгүй, Амьд амьтан бүхэн сэтгэлдээ буй муу муухай бүхнийг арилгаж Бурхан (Будда) болох боломжтой, Зовлонгоос гэтлэх боломжтой, Тоолшгүй олон Бурхан байдаг, ухамсар нь юмсыг танин мэдэх мөн чанартай гэх мэт Буддын шашны бүх номлол "ЮМС БҮХЭН ШҮТЭН БАРИЛДАЖ ГАРСАН" гэх энэ онолд л тулгуурладаг. Буддизмыг үгүйсгэж, худал гэж батлах хэрэг гарвал "ЮМС ШҮТЭН БАРИЛДАЖ ГАРСАН" буюу "ЮМС БИЕ БИЕНЭЭСЭЭ ХАМААРАЛТАЙ ОРШДОГ" гэх энэ онолыг л үгүйсгэх хэрэгтэй. Хойт төрөл байдаггүй гэдгийг батлахыг хүсвэл ЮМС ӨӨРИЙН МӨН ЧАНАРААСАА ЮУНААС Ч ХАМААРАЛГҮЙ БИЕ ДААЖ БҮТСЭН ГЭЖ БАТЛААД (эсвэл ертөнцийн эзэн бүтээсэн гэж батлаад), юмс ХООСОН ЧАНАРТАЙ гэдгийг үгүйсгэх хэрэгтэй.
Хялбарчилбал: Алимны модноос алим ургаагүй, алим юунаас ч хамааралгүй өөрөө бие даан бүтсэн гэж батлах хэрэгтэй. Түүнээс биш амьдрахын эрхээр лам дээл өмсөөд амьтны мухар сүсгээр ар гэрээ тэжээж буй хүмүүсийн увайгүй үйлдлээр Буддизмыг хоосон үгүйсгэх нь утгагүй хэрэг. Монголын түүх, манжийн дарлал, Төвдүүдийн өнөөгийн байдал, Библи, Коранаар эсвэл хэн нэгэн их мэдэгчийн амны пянгаар бурсан хоосон үгсээр Буддизмыг үгүйсгэх нь тэнэг хүний л хийх хэрэг. Үнэхээр л Буддизмыг үгүйсгэмээр байгаа бол Буддизм ямар онолд суурилж байна, түүнийг нь л үгүйсгэх хэрэгтэй.
Далай Багш "Universe In A Single Atom" номныхоо өмнөтгөлд: "Буддизм болон шинжлэх ухааны аль нь ч бодит байдлын мөн чанарыг эрж хайхдаа нарийн шинжилгээний аргыг баримталдагт л миний гол итгэл үнэмшил оршдог бөгөөд үүнээс улбаалан би өөртөө итгэлтэйгээр шинжлэх ухааныг судалдаг. Хэрвээ шинжлэх ухааны нарийн шинжилгээгээр Буддизмын үзэл баримтлал эндүү, ташаа болохыг баталгаатай нотлох юм бол бид эрдэмтдийн судалгааны үр дүнг гарцаагүй хүлээн зөвшөөрч, эндүүрсэн бүхнээ залруулах хэрэгтэй." гэж бичсэн байдаг.
Хэн нэгэн Буддизмыг ойлговол, сав шим ертөнцийн орших байдал ямар мэт болохыг мэдэж, шалтгаан нөхцөл нь бүрэлвэл үр дүн нь гарцаагүй гардаг болохыг ухаарч чадвал өдөр бүр сэтгэл оюунтайгаа ажилладаг л болох байх даа...
Ай хөөрхий гэж...