Friday, June 8, 2012

Овоо муу гар байсныг би яаж мэдэхэв дээ...

Нэг нөхөр миний цайны аягыг авсанаа шалан дээр цохиж байна. Яадаг муу дурак вэ гэж бодоод аягаа бушуухан булааж аваад эргүүлж тойруулж харлаа. Ашгүй эмтэрсэн юм алга. Нөгөө дуракаас аягаа хол гэгч нь тавиад сүрхий гэгч нь шомбойгоод суув. Энэ бүхэн маш хурдан болж өнгөрсөн. Тэр цайны аягаа би 35 целсийн халуунд амь тавин явж байж ойролцоох суурингийн сүпермаркетаас 100 рүпийгээр худалдаж авсан юм.  Муу дуракад хаглуулчихсан бол хайран юм болохоор байсан байгаа биз?  Хэсэгхэн хугацааны дараа нөгөө нөхөр өөрийнхөө аягаар шалан дээр цохилоо. Энэ чинь одоо яагаад тэнэгтээд байгаа дурак вэ гэсэн шүү бодсоноос биш аяга маяга нь хагарчихвий нтр гэж сүрхий сандарсангүй. Энэ зуур нөгөө мангар чинь яриа өдөж байна аа: "Үнэндээ энэ хоёр аяга хоёулаа ижилхэн. Чиний минийх гээд бодчихсон аягаар шалан дээр цохиход чи яаж сандарснаа анзаарав уу?" гэдэг юм даа... Ёооо... Ёстой эвгүй байдалд орсон байгаа биз... Ёстой юу юугаа ч мэдэхгүй нусаак гэж боддог байсан баачкаа ийм овоо гар байсныг би яаж мэдэхэв дээ. Ёстой хүнийг гаднаас нь хараад танихгүй гээч болсон.


Энэ бол "би, минийх, манайх" гэх жижигхэн тойрогт амьдардагийн минь тод баталгаа. Намайг оруулаад ихэнх хүмүүс сэтгэл оюуны хувьд би, минийх, манайх гэх маш өчүүхэн орон зайд амьдардаг. Бас болоогүй ээ тэр муу жижигхэн шоронгийн өрөө шиг юмаа Бурханы орон зай гээд бодчихсон. Гүй ээ одоо ингээд бодчихоор чинь зовохгүй гээд хаачихав дээ... Ай хөөрхий гэж...


Published with Blogger-droid v2.0.4

Tuesday, June 5, 2012

Шинжлэл төгс оюун ухаан

"Өөртөө итгэлтэй бай", "өөртөө итгэлтэй өөдрөг алха" гээл дандаа хошгоруулсан үгсийг өгүүлэгч өнгөц төдий мэдрэмжиндээ хууртаад хүсээгүй үр дүнг амсах тохиолдол байдаг. Өнгөц төдий мэдрэмжиндээ ар шилээ харуулж, бодит байдлыг таньсан шинжлэл төгс оюун ухаандаа найр тавин хандсан бол арай дээр үр дүнд хүрэх байж дээ гэдгийг ухааруулсан сайхан сэтгэлтэй энэтхэг өвгөн түүний ачийг юутай ч зүйрлэшгүй. Тийм сайхан сэтгэлтэй өвгөн урьд амьдарч байсныг хэлж өгсөн дандаа л мишээж байдаг багш нарын ач түүнээс ч илүү. Өөрөө өөртөө хууртаад, өнгөц төдий мэдрэмжиндээ хууртаад алдар нэр, авгай хүүхэн, архи дарс гээд явсан бол би гэдэг хүн өдийд ямар амьтан явж байгаа бол гэж бодохоос яс хавталзана. Ингээд бодохоор бусдад сайн сайхан бүхнийг заан сургаж үлгэрлэн үзүүлдэг тэр сайхан сэтгэлтэй хүмүүст талархахгүй байхын аргагүй. Явж явж энэ бүхэн өөрийг умартсан бусдыг гэх сайхан сэтгэл хийгээд юмсын бодит байдлыг таньсан билиг ухаан хоёроос гарч байгаа нь гайхалтай. Ай хөөрхий гэж... Нэг л мэдэхэд үхэх өдөр ирнэ. Ирээгүйгээс айхгүй байхын аргагүй. Энэ орчлон дээр итгэл найдвар хүлээлгэж болох зүйл тун цөөн байдаг. Үргэлж хамт байх юмшиг санасан хүмүүс намар болохоор навч шарлаад унадаг шиг алга болно. Өч төчнөөнөөр нь тоолох их хөрөнгө мөнгө хураахнаа ч ганцхан насны гэдсийг тэжээхээс өөр өөрт ашиг байхгүй. Хүн бүр шинжлэл төгс оюун ухаандаа итгэх болтугай.