Wednesday, March 30, 2011

Буддад эхлээд бүү итгэ

Буддад эхлээд бүү итгэ.
Юу сургасныг нь мэд.

Мэдсэнээ шинжил.

Үнэн бол итгэ.

Sunday, March 27, 2011

Юунд итгэж болох/болохгүй вэ?

Асуулт: Юунд итгэж болохгүй вэ?

Хариулт: Сэтгэлд төрсөн мэдрэмждээ.
А: Яагаад?
Х: Миний бодлоор сэтгэлд төрж буй мэдрэмжүүд оюун-ухаан мөн боловч шинжилж танин мэдсэн оюун-ухаан биш юм. Өөрөөр хэлбэл сэтгэлд төрж буй мэдрэмжүүд мэдэрсэн зүйлийнхээ оршин байгаа байдлыг: Мөн үү? Биш үү? Зөв үү? Буруу юу? Үнэн үү? Худал уу? гэдгийн шинжлээд зөвөөр танин мэдсэн оюун-ухаан биш тул итгэж болохгүй.
А: Тэгвэл юунд итгэж болох вэ?
Х: Мэдэрч буй зүйлийнхээ оршин байгаа байдлыг шинжлээд зөвөөр танин мэдсэн оюун-ухаандаа итгэх хэрэгтэй. Ер мэдрэмж гэдэг сэтгэлд байнга л төрж байдаг өнгөц ухамсар. Харин зөвөөр танин мэдсэн оюун-ухаан бол сэтгэж, ажиглаж, шинжилсний үр дүнд төрдөг.

Tuesday, March 15, 2011

Буддизм сэтгэлгээг хайрцагладаг уу?

Хоёр жилийн өмнө юм шиг санагдаж байна, 10 жилд хамт сурч байсан ангийн найздаа би буддизмыг судлахыг зөвлөсөн юм. Тэрээр надад “Нэг юмыг дагнаж уншихаар сэтгэлгээ хайрцагт орчихдог юм шиг санагддаг.” гэж хэлж билээ. Ортой л үг.
Буддизмд шинжлэхгүйгээр юмсын мөн чанарыг эрж хайхыг утгагүй хэрэг гэж үздэг. Буддизм бодит байдлыг байгаагаар нь л номлодог. Буддын гүн ухаанд мухардал гэж байдаггүй.

Бидний сэтгэлгээ аливаа юманд зөвхөн нэг талаас ханддаг муу дадалтай байдаг. Буддизмыг төдийлөн сайн ойлгодоггүй хүмүүстэй буддизмын талаар ярилцахад хэцүү байдаг. Зарим хүмүүс манжийн дарлал, нийгмийн хөгжлийн хоцрогдол гээд өнгөрсөн түүхийн тухай, эсвэл амьдрахын эрхээр “non-buddhist лам” хэмээх мэргэжлийг сонгосон хүмүүсийн увайгүй үйлдлийн тухай ярьж байгаагаа буддизмын тухай ярьж байна гэж ойлгоод байдаг. Улмаар буддизмыг тодорхойлж дүгнэдэг. Гэвч үнэн хэрэг дээрээ буддизм гэдэг маань хүний дотоод сэтгэлийг гэгээрүүлдэг Бурхан Багшийн сургаал шүү дээ.

Баабар гуай “Нүүдэл суудал” номондоо шарын шашныг үндэслэгч, Төвдийн Бурханы шашны шинэтгэгч Богд Зонховын талаар маш ташаа зүйл бичсэн байсан. Үнэхээр харамсалтай. Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам 2010 бээр нэгэнтээ, “Богд Зонховын сайн мууг түүний туурвисан 18 боть зохиолыг судалж байж л мэднэ шүү дээ.” хэмээн айлдаж байв. Баабар гуай тэр 18 ботийг судлаад тэгж бичсэн гэвэл би л лав итгэхгүй. Тэр ботиудыг судлахын тулд төвд хэлний маш өндөр мэдлэгтэй байх шаардлагатай. Бас болоогүй ээ, тэдгээр ботиудыг судалж, утгыг нь бүрэн төгс мэдье гэвэл дор хаяж 15-20 жилийн турш Бурхан Багшийн айлдсан судар болон эртний энэтхэгийн бандида нарын бүтээлүүдтэй харьцуулж, учир шалтгааны ухааны үүднээс судлах хэрэгтэй болдог. Тэгж байж л нэг юм Богд Зонховыг сайн муу гэж дүгнэхтэйгээ болно шүү дээ.

Миний энд хэлэх гэсэн гол зүйл бол “Буддизм сэтгэлгээг хайрцагладаггүй. Итгэхгүй бол судлаад үз.” Худал хэлэхийг буддизмд ёс суртахуунгүй үйлдэлд тооцдог. Бурхан Багш шавь нартаа хандаж “Мэргэд, гэлэн нугууд аа! Та бүхэн дархан хүн алтыг үрж, хэрчиж, хайлуулж сайтар шалгаж авдаг шиг миний сургаалыг ч гэсэн тэр мэт шинжлээд аван үйлдэхтүн. Будда зарлигласан хэмээн бишрэл төдийгөөр бүү ханд!” хэмээн номлосон байдаг. Мөн Цастын мэргэдийн оройн чимэг хэмээн алдаршсан Богд Зонхов Лувсандагва бээр “Сайтар Номлолын Зүрхэн” хэмээх бүтээлдээ “Учир шалтгааны ухаантай (зөв шинжлэлтэй) харшилсан үзэл баримтлалыг хүлээн зөвшөөрөгч нь шалгадаг төрөлхтөн биш юм.” гэж айлдсан байдаг. Түүнчлэн Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам “The Universe In A Single Atom” номондоо төвд хүнтэй гэрлэсэн америк эмэгтэйтэй ярилцаж байснаа дурссан байдаг. Далай Лам өөрийн хүсэлтээр шинжлэх ухааны эрдэмтэдтэй уулзаж, ярилцдаг болохыг мэдсэн тэр эмэгтэй Дээрхийн Гэгээнтэнд хандаж буддын шашныг хадгалж үлдэхэд шинжлэх ухаан аюул учруулж болохыг сануулаад “Шинжлэх ухаан бол шашны алуурчин гэдгийг түүх нотолдог.” гэж хэлсэн гэдэг. Дээрхийн Гэгээнтэн уг номондоо “Буддизм болон шинжлэх ухааны аль нь ч бодит байдлын мөн чанарыг эрж хайхдаа нарийн шинжилгээний аргыг баримталдагт л миний гол итгэл үнэмшил оршдог бөгөөд үүнээс улбаалан би өөртөө итгэлтэйгээр шинжлэх ухааныг зориглон судалдаг. Хэрвээ шинжлэх ухааны нарийн шинжилгээгээр буддизмын үзэл баримтлал эндүү ташаа болохыг баталгаатай нотлох юм бол бид эрдэмтдийн судалгааны үр дүнг гарцаагүй хүлээн зөвшөөрч, эндүүрсэн бүхнээ залруулах хэрэгтэй.” гэж өгүүлсэн байдаг. Өнөө хир бусад шашны төлөөллүүдээс ингэж өөртөө итгэлтэй, зоригтойгоор мэдэгдсэн хүн байдаггүй байх. Байвал Та бүхэн надад хэлээрэй.

Monday, March 14, 2011

Сэтгэлгээ ба Шинжлэл

Асуулт: Сэтгэлгээ гэж юу вэ?
Хариулт: Миний бодлоор сэтгэлгээ гэдэг нь шинжлэл юм.
А: Шинжлэхгүй бол сэтгэхгүй гэсэн үг үү?
Х: Яг тийм.
А: Ном унших нь сэтгэлгээг хөгжүүлэх зөв арга мөн үү?
Х: Биш ээ.
А: Юу гэсэн үг вэ энэ чинь??!
Х: Ном унших нь сэтгэлгээг хөгжүүлэх зөв арга биш гэсэн үг!
А: Тэгвэл чиний бодлоор сэтгэлгээг хөгжүүлэх зөв арга юу юм бэ?
Х: Уншсанаа үнэн-худал, зөв-буруу эсэхийг шинжилдэг шинжлэл л сэтгэлгээг хөгжүүлдэг. Социализмын үед ихэнх хүмүүс уншдаг байсан. Харин уншсанаа шинжилдэг нь цөөхөн байсан.
А: Ингэхэд ер нь сэтгэлгээний хөгжил юунд хэрэгтэй юм бэ?
Х: Яах юу байх вэ дээ, нэг юм ч гэсэн хөгжиж л байвал сайн биш гэж үү? … Тоглосон юм аа. Миний бодлоор сэтгэлгээний хөгжил нь маш чухал. Сэтгэлгээ хөгжихийн хирээр ертөнцийг үзэх зөв үзэл төлөвшдөг. Ертөнцийг үзэх зөв үзэлтэй хүн сэтгэлгээний хувьд хэн 
нэгний утсан хүүхэлдэй болохгүй шүү дээ. Чи өөрөө харж л байгаа биз дээ: хар шар нь мэдэгдэхгүй non-buddhist лам нар, учир нь ойлгогдохгүй шашны гаж урсгалын төлөөллүүд, үнэн худал нь мэдэгдэхгүй бөө нар, эрх мэдэл, эд хөрөнгөний төлөө улсаа худалдах зоригтнууд, ёс суртахуунгүй гүжир сэтгүүлчид гээд бүгд л сэтгэлгээний хөгжил дорой хүмүүсийг утсан хүүхэлдэй болгож байна шүү дээ. Тиймээс ямар нэгэн буруу үзлийн, эсвэл хэн нэгний утсан хүүхэлдэй болохгүйн тулд сэтгэлгээгээ хөгжүүлэх л хэрэгтэй.
А: Яаж хөгжүүлэх юм бэ?
Х: Юу яаж гэж? Энэ талаар асуултад чинь хариулсан шүү дээ. Шинжил, уншсанаа шинжил, мэдсэнээ шинжил. Үнэн үү? Худал уу? Зөв үү? Буруу юу? Мөн үү? Биш үү?.. Их зүйл унших нь чухал биш. Чанартайг нь уншаад шинжил. Ямар нэг зүйлийг шинжлэхгүйгээр хүлээн зөвшөөрөх нь сэтгэлгээнд хаалт тавьчихдаг. Сэтгэлгээнд хязгаар тогтоочихдог. Тиймээс шинжлэх л хэрэгтэй.