Wednesday, November 3, 2010

Өөрөө өөртэйгөө эрх чөлөөний талаар нууцаар ярилцсан нь

Асуулт: Чиний бодлоор эрх чөлөө гэж юу вэ?
Хариулт: Шууд үгээр тодорхойлоод хэлэхээр утга нь сайн гарч ирэхгүй байх. Ярианы явцад тодрох байх гэж бодож байна.
А: Чи эрх чөлөөтэй хүн мөн үү?
Х: Биш.
А: Яагаад?
Х: Яагаад гэвэл надад эрх чөлөө алга.
А: Яагаад тэр вэ? Чамд юу дуртайгаа хийх боломж байдаг шүү дээ?..
Х: Өнгөц харахад тийм мэт боловч үнэндээ тийм боломж байхгүй.
А: Яагаад?!
Х: Яагаад гэвэл миний дур зоргоороо хийж буй үйлдэл бүхэн эцэстээ бусдын дур зоргоороо хийж буй үйлдэл гэсэн хил хязгаарт тулж очдог.
А: Тэгвэл чиний бодлоор эрх чөлөө гэдэг зүйл байхгүй гэсэн үг үү?
Х: Би байхгүй гэж хэлээгүй шүү дээ.
А: Хариултаас чинь байхгүй юм байна гэж ойлголоо?
Х: Өөрийн дур зоргоороо хэнээс ч харгалзалгүйгээр аливаа юмсыг хийхийг эрх чөлөө гэвэл эрх чөлөө бишийг эрх чөлөө мөн гэж нэрлэсэнтэй ялгаагүй хэрэг болно.
А: Яагаад?
Х: Юу яагаад гэж? 5-р асуултад энэ талаар хариулсан шүү дээ. Би эрх чөлөөнд ямар нэгэн хязгаар байхгүй гэж боддог.
А: Тэгвэл өөрийн чинь бодлоор эрх чөлөө гэж яаг юу юм бэ?
Х: Өөрийгөө эрх чөлөөгүй болохыг тайлбарлавал хариулт тодорхой болох болох байх: надад өөрийн эрх гэж алга. Учир нь би сэтгэлийнхээ эрхэнд байна. Харин сэтгэл маань хүсэл шунал, уур, мунхгийн (юмсын бодит мөн чанарыг эс мэдсэн, буруугаар таньсан ухамсар) эрхэнд байна. Тиймээс надад эрх чөлөө гэж алга. Яг л боолыг боол мэт байгаа биз? Сэтгэл хаашаа гэнэ би тийшээ л явдаг.
А: Өрөвдөлтэй юм аа...
Х: Чи бид хоёрын хэн нь хэнийгээ өрөвдөх вэ дээ, адилхан байж. Хахаха
А: Надаар битгий даажигна л даа. Бидэнд эрх чөлөөтэй болох боломж бий юу?
Х: Чишшш, цаад сэтгэл чинь сонсчихвол чи бид хоёрыг зүгээр орхихгүй шүү! Жаахан чимээгүй яръя.
А: ..?
Х: Чи бид хоёрт эрх чөлөөтэй болох боломж бий. Эхлээд цаад сэтгэлийг чинь аажим аажмаар ятгаж байгаад өөрийн хүн болгох хэрэгтэй. Дараа нь сайтар бэлтгэж байгаад эзэнтэй нь байлдуулна. Хэдүүлээ ялах юм бол жинхэнэ эрх чөлөөг олно шүү дээ
:)
А: Чи ч муу санаатай байна шүү!
Х: Юун муу санаа! Чи бид хоёрт үүнээс өөр эрх чөлөөнд хүрэх арга байхгүй. Харин чи надаас урваж цаад сэтгэлтэйгээ нийлээд тэнэгтээд байв аа!
А: Чишшш цаа чинь ирж явна. Ажлаа хийе ээ!
Х: Ажил гэнэ шүү! Боолын хөдөлмөр гээч. За за цаа чинь ирлээ. Хоёулаа энэ талаар дараа жич ярилцъя.
Сэтгэл: За, чи чинь энд ганцаараа юугаа хийгээд дэмийрээд байдаг билээ?
Х: Уучлаарай, уучлаарай...

Сэтгэлдээ хайртай
Сэтгэлдээ дуртай
Сэтгэлээ хүндэлнэ
Сэтгэлээ дагна...

Friday, October 29, 2010

Зөөлөн итгэлт Далай Лам

Балчиг шаварт намгийн дундаас
Бадам лянхуа ургаагүй сэн бол
Өрөвдөм хөөрхий зөгийн чуулган
Өөр алинд шүтэн амьдрах


Зөөлөн итгэлт Далай Лам
Замлин үүнээ залраагүй сэн бол
Өрөвдөм хөөрхий шавийн чуулган
Өөр хэнийг авралд эрэх  

Sunday, October 24, 2010

Хойт нас байдаг эсэх, Бурхан ертөнцийг бүтээсэн эсэх тухай өөрөө өөртэйгөө ярилцсан нь

Асуулт: Үхлийн дараах амьдрал байдаг болов уу?
Хариулт: Байдаг гэж боддог.
А: Яагаад ингэж боддог юм бэ?
Х: Сэтгэл байдаг учраас.
А: Ойлгосонгүй..?
Х: Сэтгэл оргүй хоосноос бий болоогүй. Огт устаж алга болохгүй. Сэтгэлээ ажиглах юм бол сэтгэл гэж яг ямархуу юм болохыг мэдэж болно: юмсыг танин мэдэх мөн чанартай, хэлбэргүй, өнгөгүй, үнэргүй, амтгүй, хүнд ч биш, хөнгөн ч биш, тунгалаг... Би сэтгэлийн энэ мөн чанарыг өөрчлөх боломжгүй гэж боддог. Харин сэтгэлийн төлөвүүд бол өөрчлөгддөг. Нэг бодол замхарч нөгөө бодол ургана. Заримдаа тайван, заримдаа ууртай гэх мэт.
А: Үхлийн дараа сэтгэл алга бололгүй байх учраас шинэ амьдрал эхэлнэ гэж хэлэх гээд байна уу?
Х: Хүн бие, сэтгэл хоёрын цогц. Хүнийг үхсэний дараа хүүр болсон биеийг нь газар булах, чандарлах, эсвэл ил тавих зэргээр оршуулдаг. Газар булсан нь хөрсөнд шингэж, ил тавьсан 
нь өт хорхой, араатан шувууны хоол болдог бол чандарласан бие нь үнс болдог. Энэ процессод ямар ч ойлгомжгүй зүйл алга. Харин хүн үхсэний дараа сэтгэл нь оргүй устаж алга болдог гэвэл ямар ч логикгүй сонсогдож байгаа биз дээ? Шинжлэх ухааны энергийн тухай хуулиудтай ч харшлах болно.
А: Энэ талаар ингэж бодож байхаар “Бурхан мөнх, тэр бүхнийг бүтээсэн” гэж үзээд бүхнийг Бурханд даатгачихъя л даа..?
Х: Сэтгэлгээндээ тэгж хязгаар тогтоохыг хүсэхгүй байна. Наадах чинь арга ядсан хүний л ажил. Бий л хувьдаа ийм логикгүй зүйлд итгэхгүй.
А: Яагаад?
Х: Бурхан мөнх, тэгсэн хирнээ мөнх бус сав шим ертөнцийг бүтээсэн гэвэл хэн итгэх юм бэ? Мөнх юмнаас мөнх бус юм үүсэх ямар ч боломжгүй шүү дээ!
А: Яагаад?
Х: Яагаад гэвэл огт хувьсан өөрчлөгддөггүй, устаж алга болдоггүй юмсыг мөнх гэдэг. Агшин агшнаар хувьсан өөрчлөгддөг юмсыг мөнх бус гэдэг. Огт хувьсан өөрчлөгддөггүй юмнаас агшин агшнаар хувьсан өөрчлөгддөг юмс үүсдэг гэвэл ямар ч логикгүй сонсогдож байгаа биз дээ?
А: Тэгвэл Бурхан байхгүй гэсэн үг үү?
Х: Би Бурхан байдаг гэдэгт итгэдэг.
А: Яагаад?

Х: Би буддист хүн. Сэтгэлд дэх бүх муу муухай бүхнийг арилгах боломжтой учраас сэтгэлээ ариусгаж гэгээрсэн нэгэн байх боломжтой юм. Харин тийм бодьгал над дээр хүрч ирээд “Хүү минь ээ, чи эндүүрч байна. Би бүхнийг бүтээсэн.” гэвэл би хариуд нь “Бурхан гуай! Хүнээр битгий тоглоод бай!” гэж хэлнэ ээ.

Friday, October 22, 2010

Үхлийн тухай

Би энэ жил 26 настай. 50 жил амьдарлаа гэж бодоход надад 24 жил, 30 жил амьдарлаа гэж бодоход ердөө 4-хөн жил үлджээ. 50 жилийн дараа гэхэд энэ бичвэрийг энэ цаг үед уншиж буй хүмүүсээс маш цөөхөн хүн амьд сэрүүн байна. Үхэл ирэхэд бид хүссэн хүсээгүй ойр дотнын хүмүүс болон хурааж хуримтлуулсан эд хөрөнгө гээд энэ ертөнцийн гэх бүгдийг орхиод явна. Ер үхэл тэдүүд эдүүд ирнэ гэсэн магадлал байдаггүй учраас маргааш, нөгөөдөр эсвэл тав, арван жилийн дараа, бүр тавь, жаран минутын дараа ч үхэж болно. Хэзээ нэгэн цагт үхэл гарцаагүй ирнэ. Тиймээс үхэлд бэлдэх л хэрэгтэй. Үхэлд бэлдэнэ гэдэг үхлийг тайвнаар хүлээж авах хэмжээнд хүртлээ өөрийн сэтгэлийг бэлдэхийн нэр юм. Энэ нь мөнх амьдрах юм шиг санаад бусадтай тэмцэлдэж, ирээдүйд ирэх ирэхгүй нь тодорхойгүй амжилтын тухай хий хоосон мөрөөдөж байснаас хавьгүй илүү үнэнд ойр бэлтгэл юм. Үхлийн тухай бодол оюун санааны эрэл хайгуулыг эхлүүлж, амьдрах, амьд байхын утга учрын талаар бодоход хүргэдэг.