Friday, February 22, 2013

Залуу хүний зүс царайны тухай, бас бус бодлууд...

Залуу хүнд нэг тийм буурьтай, ухаантай, танин мэдсэн царай ерөөсөө зохидоггүй юм шиг.

Залуу хүнд харин нэг тийм мангайсан, сониучрахсан, утга учрыг нь хайсан хөнгхөн царай л сайхан зохидог юм шиг санагдав.

Бид өөрт тохиолдож байгаа юмсыг хөнгхөөн хүлээж аваад байх юм бол нэг тийм адгуус шиг сэтгэлийн зовлон багатай амьдарч чадах л байх даа гэж бас бодов.

Нэг бодлын адгуус хүнээс жаргалтай амьтад шүү. Сэтгэлийн зовлон үгүй. Идээл, унтаал, унгаал, баагаал болоо.

Яаж хэдэн төгрөг олох вэ гэсэн асуултын хажуугаар бас яавал сэтгэлийн зовлон багатай амьдрах вэ гэсэн асуултыг өөрөөсөө байнга асууж явбал нэг нартай өдөр зөв хариуг нь олох л байх даа гэж бас нэг бодов.

Ай хөөрхий гэж...

Published with Blogger-droid v2.0.10

Wednesday, February 20, 2013

Яавал сэтгэлийн зовлон багатай амьдрах вэ?

Бид нар гаднаа янз бүрийн дүр төрх, намба байдал, стийль, имиджтэй ч дотроо бол хүссэнээр болдоггүй хорвоогийн тоосыг хөдөлгөж явах гэдэг нийтлэг нэг зовлонтой улс. Хүмүүс мэдэхгүйн (мунхгийн) эрхээр зовдог гэж Бурханы шашинд номлодог. Нээрээ ч мэдсээр байж өөртөө зовлон удах зүйлийг хэн хийхэв дээ? Яавал сэтгэлийн зовлон багатай амьдрах вэ? Ул суурьтай бодож, судлах асуудал бол ердөө л энэ. (Энэ нөгөө РЕКЛАМНЫ ФАУЗ-ын үргэлжлэл шүү!)

Published with Blogger-droid v2.0.10

Thursday, February 14, 2013

Ай хөөрхий гэж...

Өдөр хоног өнгөрөх тусам өдөр хоног улам бүр хурдан өнгөрөх шиг санагдана. Хаа холын юм шиг санагдаж байсан гучин нас хаяанд дөхөөд иржээ. Дахиад хэдэн жил би амьдрах бол? Ай хөөрхий гэж...

Яагаад төрдөг, яагаад үхдэг юм бол? Яагаад зовдог, яагаад өтөлдөг юм бол? Хариулт нь байгаа хэдий ч дахин дахин асуумаар хачин асуултууд шүү... Ай хөөрхий гэж...

Published with Blogger-droid v2.0.10

уучлаарай...

Коммент бичсэн хүмүүст, хариу бичээгүйд уучлаарай. Цаашид ч мөн хариу бичихгүй байж магадгүй тул цаашид ч мөн уучлаарай...

Published with Blogger-droid v2.0.10

Tuesday, February 12, 2013

УМ МАНИ БАДМЭ ХУМ

Энэ жилийн цагаан сараар айлуудын ширээг тарган ууц, өвчүүгээрээ чимсэн хонь бүхэн хойт төрөлдөө сайн заяанд төрөх болтугай!
УМ МАНИ БАДМЭ ХУМ, УМ МАНИ БАДМЭ ХУМ, УМ МАНИ БАДМЭ ХУМ...

Published with Blogger-droid v2.0.10

Saturday, February 2, 2013

РЕКЛАМНЫ ФАУЗ

Зиа ойрд рекламны фауз аваагүй юм байна. Буддизмын тухай хэдэн үг бичье гэж бодлоо.

Буддизмын үзэл онол, номлол бүхэн логик гаргалгаа, учир шалтгаан дээр суурилсан байдаг. Мөн тэр логик гаргалгаа, учир шалтгаануудыг нь шинжилж судлах эрх хэний ч өмнө нээлттэй. “Зүгээр л итгэ, эс тэгвэл Будда чамайг тамд унагана.”, “Чам шиг нүгэл хилэнцтэй амьтан гүн нарийн учрыг нь ойлгохгүй, нүдээ аниад л итгэвэл барав!” гэсэн дарамт нтр байхгүй. Харин ч эсрэгээрээ, Будда өөрөө, “Миний сургаалийн логик гаргалгаануудыг шинжлээд үз. Үнэн бол итгэ. Надад сүжиглэх төдийгөөр миний сургааль номлолд бүү ханд!” гэж шавь нартаа дахин дахин сургаж байв.

Магадгүй хэн нэгэн “аливаа шашин сэтгэлгээг хайрцагладаг” гэж бодож байж болох юм. Сэтгэлгээ яавал хайрцаглагддаг юм бэ? –Үнэн худал нь мэдэгдэхгүй ямар нэгэн үзэл-онол-номлолд (шинжлэлгүйгээр) мухраар итгээд, түүнийгээ баттай үнэн гээд бодчихсон БОДЛУУД л сэтгэлгээг хүлж орхидог. Ямар ч ажиглалт, шинжилгээ хийхгүйгээр юмсыг зүгээр л нөгөө үзлээрээ харчихдаг. Ингээд л сэтгэлгээ хайрцганд орчихдог. Хүлэгдчихдэг. Нэгэнт сэтгэлгээгээ хүлүүлчихсэн хүнд “оюун санааны хөгжил” байхгүй. Итгэсэн үзэл номлол нь үнэн зөв учир шалтгаанд суурилсан байсан ч хамаагүй: шинжлэлгүйгээр итгэсэн л бол сэтгэлгээ хүлэгдэнэ.

Сэтгэлгээний суурь нь шинжлэл юм. Шинжлэхгүй бол сэтгэхгүй. Сэтгэхгүй бол оюун ухаан хөгжихгүй. Сэтгэхгүй бол ертөнцийг үзэх зөв үзэл төлөвшихгүй. Ертөнцийг үзэх зөв үзэл маньд ямар падлий байна? гээд хорвоог туулж болно л доо. Зүгээр л идээд, унгаад.., ажиллаад л, цалингаа аваад л, хүүхэн шуухан эргүүлээд л, хүүхдээ хүмүүжүүлээд л, сургаад л, хэрэлдээд л, стрессдээд л, найзлаад л, муулаад л, жаргалтай амьдрахын төлөө гүрийгээд л... Эртний энэтхэгийн мэргэн бандида Шива-Лха бээр “Бодьсадвын Явдалд Орохуй” хэмээх зохиолдоо, “Бүх дэлхийг ширээр хучих гэсний оронд хоёр хөлийнхөө улыг л ширээр хамгаалчихвал зүгээр биш үү?” гэж айлдсан байдаг. [Энэ хэсэгт өгүүлэх нь: Ертөнцийг үзэх зөв үзэл хүний амьдралд (аз жаргалтай, зовлон багатай амьдрахад) хичнээн хэрэгтэй зүйл болохыг батлах гэж оролдож байгааг минь таалан болгооно уу.]

Бид нар яагаад зовдог юм бэ? (сэтгэлийн зовлонгийн тухай асууж байгааг минь анзаарна уу.) [Энэ хэсэгт өгүүлэх нь: асуултыг өөрөөсөө асууж хэсэг зуур тунгааж үзэхийг хичээнгүйлэн хүсье. Яагаад зовдог юм бэ?] {үргэлжлэл бий... ©}

Published with Blogger-droid v2.0.10