Асуулт: Үхлийн дараах амьдрал байдаг болов уу?
Хариулт: Байдаг гэж боддог.
А: Яагаад ингэж боддог юм бэ?
Х: Сэтгэл байдаг учраас.
А: Ойлгосонгүй..?
Х: Сэтгэл оргүй хоосноос бий болоогүй. Огт устаж алга болохгүй. Сэтгэлээ ажиглах юм бол сэтгэл гэж яг ямархуу юм болохыг мэдэж болно: юмсыг танин мэдэх мөн чанартай, хэлбэргүй, өнгөгүй, үнэргүй, амтгүй, хүнд ч биш, хөнгөн ч биш, тунгалаг... Би сэтгэлийн энэ мөн чанарыг өөрчлөх боломжгүй гэж боддог. Харин сэтгэлийн төлөвүүд бол өөрчлөгддөг. Нэг бодол замхарч нөгөө бодол ургана. Заримдаа тайван, заримдаа ууртай гэх мэт.
А: Үхлийн дараа сэтгэл алга бололгүй байх учраас шинэ амьдрал эхэлнэ гэж хэлэх гээд байна уу?
Х: Хүн бие, сэтгэл хоёрын цогц. Хүнийг үхсэний дараа хүүр болсон биеийг нь газар булах, чандарлах, эсвэл ил тавих зэргээр оршуулдаг. Газар булсан нь хөрсөнд шингэж, ил тавьсан нь өт хорхой, араатан шувууны хоол болдог бол чандарласан бие нь үнс болдог. Энэ процессод ямар ч ойлгомжгүй зүйл алга. Харин хүн үхсэний дараа сэтгэл нь оргүй устаж алга болдог гэвэл ямар ч логикгүй сонсогдож байгаа биз дээ? Шинжлэх ухааны энергийн тухай хуулиудтай ч харшлах болно.
А: Энэ талаар ингэж бодож байхаар “Бурхан мөнх, тэр бүхнийг бүтээсэн” гэж үзээд бүхнийг Бурханд даатгачихъя л даа..?
Х: Сэтгэлгээндээ тэгж хязгаар тогтоохыг хүсэхгүй байна. Наадах чинь арга ядсан хүний л ажил. Бий л хувьдаа ийм логикгүй зүйлд итгэхгүй.
А: Яагаад?
Х: Бурхан мөнх, тэгсэн хирнээ мөнх бус сав шим ертөнцийг бүтээсэн гэвэл хэн итгэх юм бэ? Мөнх юмнаас мөнх бус юм үүсэх ямар ч боломжгүй шүү дээ!
А: Яагаад?
Х: Яагаад гэвэл огт хувьсан өөрчлөгддөггүй, устаж алга болдоггүй юмсыг мөнх гэдэг. Агшин агшнаар хувьсан өөрчлөгддөг юмсыг мөнх бус гэдэг. Огт хувьсан өөрчлөгддөггүй юмнаас агшин агшнаар хувьсан өөрчлөгддөг юмс үүсдэг гэвэл ямар ч логикгүй сонсогдож байгаа биз дээ?
А: Тэгвэл Бурхан байхгүй гэсэн үг үү?
Х: Би Бурхан байдаг гэдэгт итгэдэг.
А: Яагаад?
Х: Би буддист хүн. Сэтгэлд дэх бүх муу муухай бүхнийг арилгах боломжтой учраас сэтгэлээ ариусгаж гэгээрсэн нэгэн байх боломжтой юм. Харин тийм бодьгал над дээр хүрч ирээд “Хүү минь ээ, чи эндүүрч байна. Би бүхнийг бүтээсэн.” гэвэл би хариуд нь “Бурхан гуай! Хүнээр битгий тоглоод бай!” гэж хэлнэ ээ.