Tuesday, July 31, 2012

Хэтрүүлбэл...

Хэт их зарчимч байх нь нэгэн төрлийн зовлонг мэдрүүлдэг. Хэт их үлбэгэр байх нь нэгэн төрлийн уйтгарыг мэдрүүлдэг. Хэт их хичээл шантрахын шалтгаанд одох нь ч буй. Хэтрүүлбэл зовлонд урвахын ёсыг мэдээд хэмжээндээн тааруулж сураарай гэж...

Published with Blogger-droid v2.0.6

Friday, July 27, 2012

...өөрийн оюун ухаанаар...

Буддизмыг ойлгохын тулд Буддатай мэтгэлцэх хэрэгтэй. Та ямар учраас юмс бүхэн шүтэн барилдаж гарсан гэж номлосон юм? Таны номлосон үйлийн үр гэж яг ямар юм байдаг юм? Зовлонгийн үнэн гэж Та чухам юуг хэлсэн юм бэ? г.мэтээр... Мэдээж Будда өөрийн биеэр энэ асуултуудад хариулахгүй. Түүний айлдсан сургаал номлол энэ бүхэнд хариулна. Хэн нэгэн нь Буддизмыг тодорхойлж ямар нэгэн үг хэлсэн байж болох юм. Гэвч тэр үг тэр хүний л Буддизмын тухай хэлсэн үг болохоос биш таны Буддизмын тухай ойлголтыг тодорхойлох үг биш. Та бусдын оюун ухаанаар бус өөрийн оюун ухаанаар Буддизмыг таних хэрэгтэй. Нэгэнт таньсан бол Буддагийн сургаалыг дагах эсэх нь таны эрх юм. Буддизмыг сонирхогч хүн бүхэнд зориулж бичив ээ гэж...

Published with Blogger-droid v2.0.6

Sunday, July 8, 2012

Угаасаа байхгүй юм чинь...

Гүрэм засал, мэргэ төлөг, зурхай зурлага, хурал уншлага. Энэ бүхэн Буддизмыг огтхон ч тодорхойлж чадахгүй. Үнэндээ энэ бүхэнд Буддизмыг тодорхойлох ямар ч чадамж байхгүй. Угаасаа байхгүй
юм чинь байхгүй гэхээс өөр юу гэхэв дээ.

Published with Blogger-droid v2.0.6

Thursday, July 5, 2012

Өнөөдөр Далай Багшийн төрсөн өдөр

Өнөөдөр Далай Багшийн төрсөн өдөр. Үргэлж мишээж байдаг дүрийг нь харах төдийд л, ухаарал хайрласан сургаалыг нь сонсох төдийд л бишрэх сэтгэл өөрийн эрхгүй төрж, дотоод сэтгэл нэг л тайван болдогсон... Багш маань урт удаан наслах болтугай хэмээн ерөөл тавин залбиръя даа :)

Published with Blogger-droid v2.0.6

Wednesday, July 4, 2012

Тэнэгтээд л...

Зөвхөн өнгө, хэлбэр хоёрыг л ялгаж чаддаг махан нүдээр хүний биеийн хэлбэр дүрсийг харахаас биш дотоод сэтгэлийг нь харж чадахгүй. Бид нар бусдыг дандаа л гадна талаас нь дүгнэдэг муу дадалтай байдаг. Үүнээсээ болоод сэтгэлээрээ зовоод байгаагаа анзаарах ч сөхөөгүй бусдыг хайр найргүй дүгнээд л... Тэр дүгнэлтэндээ үнэн голоосоо итгээд л... Тэгээл зовоод л... Өөрөө өөрийгөө зовоогоод байгаагаа мэдэхгүй "Та нар намайг зовоолоо" гэж тэнэгтээд л... Сэтгэл оюунд байгаа ганц буруу бодлоос салахад л нилээдгүй хэдэн зовлонгоос ангижирч чадна.

Friday, June 8, 2012

Овоо муу гар байсныг би яаж мэдэхэв дээ...

Нэг нөхөр миний цайны аягыг авсанаа шалан дээр цохиж байна. Яадаг муу дурак вэ гэж бодоод аягаа бушуухан булааж аваад эргүүлж тойруулж харлаа. Ашгүй эмтэрсэн юм алга. Нөгөө дуракаас аягаа хол гэгч нь тавиад сүрхий гэгч нь шомбойгоод суув. Энэ бүхэн маш хурдан болж өнгөрсөн. Тэр цайны аягаа би 35 целсийн халуунд амь тавин явж байж ойролцоох суурингийн сүпермаркетаас 100 рүпийгээр худалдаж авсан юм.  Муу дуракад хаглуулчихсан бол хайран юм болохоор байсан байгаа биз?  Хэсэгхэн хугацааны дараа нөгөө нөхөр өөрийнхөө аягаар шалан дээр цохилоо. Энэ чинь одоо яагаад тэнэгтээд байгаа дурак вэ гэсэн шүү бодсоноос биш аяга маяга нь хагарчихвий нтр гэж сүрхий сандарсангүй. Энэ зуур нөгөө мангар чинь яриа өдөж байна аа: "Үнэндээ энэ хоёр аяга хоёулаа ижилхэн. Чиний минийх гээд бодчихсон аягаар шалан дээр цохиход чи яаж сандарснаа анзаарав уу?" гэдэг юм даа... Ёооо... Ёстой эвгүй байдалд орсон байгаа биз... Ёстой юу юугаа ч мэдэхгүй нусаак гэж боддог байсан баачкаа ийм овоо гар байсныг би яаж мэдэхэв дээ. Ёстой хүнийг гаднаас нь хараад танихгүй гээч болсон.


Энэ бол "би, минийх, манайх" гэх жижигхэн тойрогт амьдардагийн минь тод баталгаа. Намайг оруулаад ихэнх хүмүүс сэтгэл оюуны хувьд би, минийх, манайх гэх маш өчүүхэн орон зайд амьдардаг. Бас болоогүй ээ тэр муу жижигхэн шоронгийн өрөө шиг юмаа Бурханы орон зай гээд бодчихсон. Гүй ээ одоо ингээд бодчихоор чинь зовохгүй гээд хаачихав дээ... Ай хөөрхий гэж...


Published with Blogger-droid v2.0.4

Tuesday, June 5, 2012

Шинжлэл төгс оюун ухаан

"Өөртөө итгэлтэй бай", "өөртөө итгэлтэй өөдрөг алха" гээл дандаа хошгоруулсан үгсийг өгүүлэгч өнгөц төдий мэдрэмжиндээ хууртаад хүсээгүй үр дүнг амсах тохиолдол байдаг. Өнгөц төдий мэдрэмжиндээ ар шилээ харуулж, бодит байдлыг таньсан шинжлэл төгс оюун ухаандаа найр тавин хандсан бол арай дээр үр дүнд хүрэх байж дээ гэдгийг ухааруулсан сайхан сэтгэлтэй энэтхэг өвгөн түүний ачийг юутай ч зүйрлэшгүй. Тийм сайхан сэтгэлтэй өвгөн урьд амьдарч байсныг хэлж өгсөн дандаа л мишээж байдаг багш нарын ач түүнээс ч илүү. Өөрөө өөртөө хууртаад, өнгөц төдий мэдрэмжиндээ хууртаад алдар нэр, авгай хүүхэн, архи дарс гээд явсан бол би гэдэг хүн өдийд ямар амьтан явж байгаа бол гэж бодохоос яс хавталзана. Ингээд бодохоор бусдад сайн сайхан бүхнийг заан сургаж үлгэрлэн үзүүлдэг тэр сайхан сэтгэлтэй хүмүүст талархахгүй байхын аргагүй. Явж явж энэ бүхэн өөрийг умартсан бусдыг гэх сайхан сэтгэл хийгээд юмсын бодит байдлыг таньсан билиг ухаан хоёроос гарч байгаа нь гайхалтай. Ай хөөрхий гэж... Нэг л мэдэхэд үхэх өдөр ирнэ. Ирээгүйгээс айхгүй байхын аргагүй. Энэ орчлон дээр итгэл найдвар хүлээлгэж болох зүйл тун цөөн байдаг. Үргэлж хамт байх юмшиг санасан хүмүүс намар болохоор навч шарлаад унадаг шиг алга болно. Өч төчнөөнөөр нь тоолох их хөрөнгө мөнгө хураахнаа ч ганцхан насны гэдсийг тэжээхээс өөр өөрт ашиг байхгүй. Хүн бүр шинжлэл төгс оюун ухаандаа итгэх болтугай.

Wednesday, May 30, 2012

Хэзээ ч унахгүй юм шиг...

Хэзээ ч унахгүй юм шиг

Ургасан навчис

Хэн нэгний хөл дор хөглөрнө


Published with Blogger-droid v2.0.4

Friday, May 25, 2012

Үнэхээр сонирхолтой

"Би" гэж яг юу юм бэ гээд хайхаар юу ч олдохгүй. Тэгсэн хэрнээ "би" идэж, унтаж, унгаж байна. Сэтгэл "би" биш. Бие бас "би" биш. "Би"-г хайхаар олдохгүй. Тэгсэн хэрнээ "би" идэгч, унтагч, унгагч болоод байдаг. Тиймээс "би" огт байхгүй бас биш. Сэтгэл "би" юм болов уу гэж бодож үзлээ. Миний сэтгэл миний сэтгэл болохоос "би" биш.  Үнэхээр сонирхолтой.


Published with Blogger-droid v2.0.4

Ахиад л ай хөөрхий гэж...

Бодоод байсан чинь хэлд орсноосоо хойш хорин хэдэн жил хүн муулж амьдарчээ. Тэгээд үлдсэн амьдралаа хүн муулалгүйгээр өнгөрөөе нтр гэж сүртэй шийд гаргаагүй ч, ямартай ч хүн муулахаа багасгах нь зүйтэй гэж бодлоо. Хүн муулснаар хүний дээр гардаггүй. Явж явж өөрийгөө айхтар сүрхий гэж бодож явдаг мань шиг нусан таглаа нар л хүн муулахдаа хүлэг баатар шиг байдаг. Ай хөөрхий, авралт гурван эрдэнэ болгоо гэж...


Published with Blogger-droid v2.0.4

Sunday, May 20, 2012

Аз болж

Хүний дээр гарах гээд хүн муулаад байдаг зан гэж бий. Хүн муулснаар хүний дээр гардаггүйг ухаарсан ухаан гэж бий. Энэ хоёр оюун ерөнхийдөө өөр хоорондоо харш. Нэг нь нэгэндээ хорлодог. Аль хүчтэй нь хүчгүйгээ дийлдэг. Аз болж хүн муулснаар хүний дээр гардаггүй нь үнэн болохоор, хүн муулснаар хүний дээр гардаггүйг ухаарсан ухаан үнэн зүйлийг ухаарсан ухаан учраас бидэнд муу муухай зүйлээс хагацах, зовлонгоос ангижирах боломж байдаг.


Published with Blogger-droid v2.0.4

Tuesday, March 27, 2012

Ай хөөрхий гэж...

Буддизм гэж юу болохыг ч мэдэхгүй хүмүүс Бурхан Буддагаас аврал эрэн төвд номын дууг эм мэт бодно. Эрэлт, хэрэгцээ үүсгэнэ.

Буддизм гэж юу болохыг ч мэддэхгүй өөр хэсэг хүмүүс тал захтай дээл өмсч өнөөх мухар сүсгийн хэрэгцээг хангана.

Буддизм гэж юу болохыг ч мэдэхгүй өөр хэсэг хүмүүс өнөөх мухар сүсгийн бизнесийг Буддизм гээд ойлгочихсон хаа явсан газраа хараана.


Ай хөөрхий гэж...


Published with Blogger-droid v2.0.4

Monday, March 26, 2012

Хэн нэгэн тэр...

Хэн аз жаргалыг хүсч байна

Хэн нэгэн тэр

Хүссэн жаргалаа олох болтугай!


Хэн зовлонгоос хагацахыг хүсч байна

Хэн нэгэн тэр

Хэзээд үл зовох болтугай!


Хэн бусдын жаргалд атаархаж байна

Хэн нэгэн тэр

Хилэнцэт сэтгэлээсээ хагацах болтугай!


Хэн бусдын зовлонд баясаж байна

Хэн нэгэн тэр

Хэрцгий сэтгэлээсээ хагацах болтугай!


Товчилбоос

Хэн бүхний дотоод сэтгэл

Хайр энэрлээр дүүрээд

Хөрвөх үгүй дээд амгалангаас

Хэзээд үл хагацах болтугай!


Published with Blogger-droid v2.0.4

Sunday, March 25, 2012

Аз жаргал сэтгэл оюуны мөн чанартай.

Аз жаргал сэтгэл оюуны мөн чанартай. Аз жаргалыг сэтгэл оюун дээр л бүтээдэг. Дотоод сэтгэл оюунтайгаа ажиллаж, хөдөлмөрлсөнөөр л аз жаргалыг бүтээж чадна. Доржийг энэрэх сэтгэл, Доржид уурлах сэтгэл гэсэн хоёр өөр сэтгэл нэг хүнд хэзээ ч нэгэн зэрэг төрдөггүй. Энэрэхүй сэтгэлийг дотоод сэтгэлд төрүүлж, дадуулж болдог. Яг л бид нар уурлах сэтгэлийн эрхэнд орж өдөржингөө стресст автдаг шиг энэрэхүй сэтгэлийн эрхэнд орж өдөржингөө тайван амгалан байх хэмжээнд хүртэл энэрэхүй сэтгэлийг өөртөө дадуулж болдог. Уурлах орон зай үлдээлгүйгээр дотоод сэтгэлээ  энэрэхүй сэтгэлээр дүүргэж болдог. Хэрхэн яаж дадуулахыг Будда хэнээс ч дутуугүй сургасан. Өөрөө энэрэх сэтгэлгүй байж өрөөлд энэрэх сэтгэлийн тухай ярих нь тэнэг хэрэг ч хэн нэгэн энэ фостыг уншиж байгаа түүний сэтгэл оюунд сайнаар нөлөөлж магадгүй гэж горилоод Бурханы номноос мэдсэнээ бичлээ гэж...

Ум сайн амгалан болох болтугай!


Published with Blogger-droid v2.0.4

Thursday, March 22, 2012

Сайхан сэтгэлийн хүч ээ гэж...

Сайхан сэтгэлтэй хүнтэй таархаараа би, энэ хүний ажил үйлс нь бүтээсэй, энэ хүнд нэг тус болчих юмсан гэж өөрийн эрхгүй л боддог. Та нар ч гэсэн тэгж боддог байх. Сайхан сэтгэлийн хүч ээ гэж...


Published with Blogger-droid v2.0.4