Sunday, February 26, 2012
...огтхон ч худлаа залаагүй шүү!
Saturday, February 25, 2012
Эртээ урьдын цагт...
Эртээ урьдын цагт нэгэн хүй нэгдлийн баачка бүхнийг бүтээгч бурхныг бүтээжээ... Хойч үеийнхэн нь тэр бурхны номлолыг бүтээжээ. Хүй нэгдлийн үеийн баачка нар аа гэж...
Ум Ма Ни БадМэ Хум
Энэ жилийн цагаан сараар олон айлын ширээг тарган ууцаараа чимсэн хонь бүхэн хойт төрөлдөө сайн заяанд төрөх болтугай гэж залибаръя... Ум Ма Ни БадМэ Хум...
Monday, February 6, 2012
Ямартай ч тэр бол баатар
Өдөр бүр өөрийн дотоод сэтгэлээ сөрөг муу оюун санаанаас хамгаалж чадаж байвал тэр хүн христ байна уу, буддист байна уу, хужаагийн эрлийз байна уу, оросын эрлийз байна уу хамаа алга. Хэн байх нь чухал биш. Ямартай ч тэр бол баатар.
Sunday, February 5, 2012
Өдөр бүр нэгэн хэвийн гамбир идсээр...
Хүний оюун ухаан гэж яг ямар мөн чанартай зүйл болох, орчлон хорвоогийн үүсэл, бурхан байдаг эсэх, зовлон зүдгүүр, аз жаргал, үхэл, хүн төрөхөд ухамсар нь хаанаас ирдэг болох гээд өчнөөн асуултууд байдаг. Ихэнх хүмүүс мөнгө л сонирхохоос биш энэ талаар огтхон ч сонирхдоггүй. Гэтэл эдгээр асуултын хариуг олохгүй бол бидний сэтгэл оюунд дорвитой өөрчлөлт гарахгүй. Өөрийн гэсэн ертөнцийг үзэх үзэл төлөвшихгүй. Нэг мэдрэмжнээс нөгөө мэдрэмжийн хооронд амьдрал янз янзаар өрнөж байна гэж хууртсаар.., нэг л хэвд оруулан хайрсан гамбир өдөр бүр идэж байгаагаа үл анзааран өдөр хоногийг өнгөрөөж насыг барна. Өөрийн гэсэн ертөнцийг үзэх үзэлгүй бол оюун санааны хувьд бусдын утсан хүүхэлтэй л байна...
Wednesday, January 25, 2012
Өөрөө өөрийгөө л дүгнэх хэрэгтэй...
10 жил, их сургуульд байхад багш нар намайг дүгнэж дүн тавьдаг байв. Би ч гэсэн сайн дүгнүүлчих санаатай хуулахдаа хуулаал, давтахдаа давтаал, хулхидахдаа хулхидаал гүйдэг байв... Тэгэхдээ тэр дүнгүүд намайг хэзээ ч дүгнэж байгаагүйг нилээн сүүлд ухаарч билээ. Өөрөө хичээж, өөрөө өөрийгөө л дүгнэх хэрэгтэй. Яагаад гэвэл өөрөөс чинь өөр өөрийг чинь сайн мэдэх өөр хүн байхгүй... тийм учраас өөрөө өөрийгөө л дүгнэх хэрэгтэй...
...тэнэгтээл...
Бид өөрөө өөрсдийгөө л зовоодог: уурлаал, шунаал, атаархаал, хорсоол, хов жив ярьж хэрэгтэй хэрэггүй олон бодолд автаж хямраад л... Тэгээл "намайг та нар зовоолоо" гэж тэнэгтээл...
Monday, January 23, 2012
Ганцаар байх, ганцаардал хоёрын тухай...
Ганцаар байхад ганцаардах албагүй. Ганцаардахад заавал ганцаараа байх ч албагүй. Үнэндээ ганц өөрийгөө бодсон бодлоос ганцаардал үүсдэг. Ер нь ганц ганцаардал ч биш өөр олон энэлгээт мэдрэмжүүд ганц өөрийгөө бодсон бодлоос үүсдэг...
Би ганцаараа байхыг эрхэмлэдэг хүн. Учир нь ганцаар байхдаа би амьдарлыг жүжигчний биш үзэгчийн байр сууринаас мэдэрдэг. Ганцаар байхад оюун санаа уужуу, тогтуун байдаг. Ганцаар байхдаа би олон зүйлийг анзаарч, зөв дүгнэлт хийж, зөв шийдвэр гаргаж чаддаг. Ганцаар байх нь надад дотоод сэтгэл оюунтайгаа ажиллах боломжийг олгодог...
Saturday, January 21, 2012
Энэ бол цэвэр оюун санааны асуудал
Хүмүүс дотоод сэтгэлрүүгээ өнгийгөөд тэнд байгаа алдаа дутагдлуудыг анзаарч, засаж сайжруулж чадвал амьдрал илүү амар амгаланлаг, асуудал багатай, аз жаргалтай болно. Ингэхийн тулд заавал шашин шүтэх албагүй. Энэ бол цэвэр оюун ухааны асуудал. Эргэн тойронд болж буй юмсыг хэрхэн хүлээж авах нь цэвэр оюун ухааны асуудал. Дотоод сэтгэл оюундаа анхаарал хандуулж, дотоод сэтгэл оюунтайгаа ажиллаж чадах л юм бол бүх зүйл авсаархан, энгийн болдог юм байна гэдгийг бид анзаарах хэрэгтэй.
Tuesday, December 13, 2011
Төсөөлөх юм бол...
Wednesday, March 30, 2011
Sunday, March 27, 2011
Юунд итгэж болох/болохгүй вэ?
Tuesday, March 15, 2011
Буддизм сэтгэлгээг хайрцагладаг уу?
Monday, March 14, 2011
Сэтгэлгээ ба Шинжлэл
А: Шинжлэхгүй бол сэтгэхгүй гэсэн үг үү?
Х: Яг тийм.
А: Ном унших нь сэтгэлгээг хөгжүүлэх зөв арга мөн үү?
Х: Биш ээ.
А: Юу гэсэн үг вэ энэ чинь??!
Х: Ном унших нь сэтгэлгээг хөгжүүлэх зөв арга биш гэсэн үг!
А: Тэгвэл чиний бодлоор сэтгэлгээг хөгжүүлэх зөв арга юу юм бэ?
Х: Уншсанаа үнэн-худал, зөв-буруу эсэхийг шинжилдэг шинжлэл л сэтгэлгээг хөгжүүлдэг. Социализмын үед ихэнх хүмүүс уншдаг байсан. Харин уншсанаа шинжилдэг нь цөөхөн байсан.
А: Ингэхэд ер нь сэтгэлгээний хөгжил юунд хэрэгтэй юм бэ?
Х: Яах юу байх вэ дээ, нэг юм ч гэсэн хөгжиж л байвал сайн биш гэж үү? … Тоглосон юм аа. Миний бодлоор сэтгэлгээний хөгжил нь маш чухал. Сэтгэлгээ хөгжихийн хирээр ертөнцийг үзэх зөв үзэл төлөвшдөг. Ертөнцийг үзэх зөв үзэлтэй хүн сэтгэлгээний хувьд хэн нэгний утсан хүүхэлдэй болохгүй шүү дээ. Чи өөрөө харж л байгаа биз дээ: хар шар нь мэдэгдэхгүй non-buddhist лам нар, учир нь ойлгогдохгүй шашны гаж урсгалын төлөөллүүд, үнэн худал нь мэдэгдэхгүй бөө нар, эрх мэдэл, эд хөрөнгөний төлөө улсаа худалдах зоригтнууд, ёс суртахуунгүй гүжир сэтгүүлчид гээд бүгд л сэтгэлгээний хөгжил дорой хүмүүсийг утсан хүүхэлдэй болгож байна шүү дээ. Тиймээс ямар нэгэн буруу үзлийн, эсвэл хэн нэгний утсан хүүхэлдэй болохгүйн тулд сэтгэлгээгээ хөгжүүлэх л хэрэгтэй.
А: Яаж хөгжүүлэх юм бэ?
Х: Юу яаж гэж? Энэ талаар асуултад чинь хариулсан шүү дээ. Шинжил, уншсанаа шинжил, мэдсэнээ шинжил. Үнэн үү? Худал уу? Зөв үү? Буруу юу? Мөн үү? Биш үү?.. Их зүйл унших нь чухал биш. Чанартайг нь уншаад шинжил. Ямар нэг зүйлийг шинжлэхгүйгээр хүлээн зөвшөөрөх нь сэтгэлгээнд хаалт тавьчихдаг. Сэтгэлгээнд хязгаар тогтоочихдог. Тиймээс шинжлэх л хэрэгтэй.
Wednesday, November 3, 2010
Өөрөө өөртэйгөө эрх чөлөөний талаар нууцаар ярилцсан нь
Хариулт: Шууд үгээр тодорхойлоод хэлэхээр утга нь сайн гарч ирэхгүй байх. Ярианы явцад тодрох байх гэж бодож байна.
А: Чи эрх чөлөөтэй хүн мөн үү?
Х: Биш.
А: Яагаад?
Х: Яагаад гэвэл надад эрх чөлөө алга.
А: Яагаад тэр вэ? Чамд юу дуртайгаа хийх боломж байдаг шүү дээ?..
Х: Өнгөц харахад тийм мэт боловч үнэндээ тийм боломж байхгүй.
А: Яагаад?!
Х: Яагаад гэвэл миний дур зоргоороо хийж буй үйлдэл бүхэн эцэстээ бусдын дур зоргоороо хийж буй үйлдэл гэсэн хил хязгаарт тулж очдог.
А: Тэгвэл чиний бодлоор эрх чөлөө гэдэг зүйл байхгүй гэсэн үг үү?
Х: Би байхгүй гэж хэлээгүй шүү дээ.
А: Хариултаас чинь байхгүй юм байна гэж ойлголоо?
Х: Өөрийн дур зоргоороо хэнээс ч харгалзалгүйгээр аливаа юмсыг хийхийг эрх чөлөө гэвэл эрх чөлөө бишийг эрх чөлөө мөн гэж нэрлэсэнтэй ялгаагүй хэрэг болно.
А: Яагаад?
Х: Юу яагаад гэж? 5-р асуултад энэ талаар хариулсан шүү дээ. Би эрх чөлөөнд ямар нэгэн хязгаар байхгүй гэж боддог.
А: Тэгвэл өөрийн чинь бодлоор эрх чөлөө гэж яаг юу юм бэ?
Х: Өөрийгөө эрх чөлөөгүй болохыг тайлбарлавал хариулт тодорхой болох болох байх: надад өөрийн эрх гэж алга. Учир нь би сэтгэлийнхээ эрхэнд байна. Харин сэтгэл маань хүсэл шунал, уур, мунхгийн (юмсын бодит мөн чанарыг эс мэдсэн, буруугаар таньсан ухамсар) эрхэнд байна. Тиймээс надад эрх чөлөө гэж алга. Яг л боолыг боол мэт байгаа биз? Сэтгэл хаашаа гэнэ би тийшээ л явдаг.
А: Өрөвдөлтэй юм аа...
Х: Чи бид хоёрын хэн нь хэнийгээ өрөвдөх вэ дээ, адилхан байж. Хахаха
А: Надаар битгий даажигна л даа. Бидэнд эрх чөлөөтэй болох боломж бий юу?
Х: Чишшш, цаад сэтгэл чинь сонсчихвол чи бид хоёрыг зүгээр орхихгүй шүү! Жаахан чимээгүй яръя.
А: ..?
Х: Чи бид хоёрт эрх чөлөөтэй болох боломж бий. Эхлээд цаад сэтгэлийг чинь аажим аажмаар ятгаж байгаад өөрийн хүн болгох хэрэгтэй. Дараа нь сайтар бэлтгэж байгаад эзэнтэй нь байлдуулна. Хэдүүлээ ялах юм бол жинхэнэ эрх чөлөөг олно шүү дээ :)
А: Чи ч муу санаатай байна шүү!
Х: Юун муу санаа! Чи бид хоёрт үүнээс өөр эрх чөлөөнд хүрэх арга байхгүй. Харин чи надаас урваж цаад сэтгэлтэйгээ нийлээд тэнэгтээд байв аа!
А: Чишшш цаа чинь ирж явна. Ажлаа хийе ээ!
Х: Ажил гэнэ шүү! Боолын хөдөлмөр гээч. За за цаа чинь ирлээ. Хоёулаа энэ талаар дараа жич ярилцъя.
Сэтгэл: За, чи чинь энд ганцаараа юугаа хийгээд дэмийрээд байдаг билээ?
Х: Уучлаарай, уучлаарай...
Сэтгэлдээ хайртай
Сэтгэлдээ дуртай
Сэтгэлээ хүндэлнэ
Сэтгэлээ дагна...