Saturday, March 3, 2012

Сайн сайхан бүхэн дэлгэрэх болтугай!

Амьд амьтан бүхэн энэрэл хайр, асрал нигүүслэлийн сэтгэл лугаа төгөлдөр болох болтугай! Ган зудын гамшиг хэзээд бүү гараг. Гал усны гашуун зовлон нэрийн төдий ч үл оршиг. Үр тариа цагтаан боловсорч, өлсөж ундаасахын зовлон хэзээд үл гарах болтугай! Амьтан бүхэн сайн сайхан бүхний эх болсон саруул ухаан, нигүүлсэнгүй сэтгэл лугаа төгөлдөр болох болтугай! Гяндан шорон бүхэн гүмүда цэцгийн цэцэрлэг болох болтугай! Ан амьтан ч хүмүүн төрөлхтөнөөс айх аюулгүй амар жимэр орших болтугай! Хор хөнөөлт зэвсэг бүхэн хорхой хүргэм ааруул болох болтугай! Дайн самуун хэзээд үл гарч даяр олноороо амар жимэр амьдрах болтугай! Алт эрдэнэд шунагч бүхний сувдаг сэтгэл нь амирлах болтугай! Амьтан бүхний дотоод сэтгэлд уурын гал хэзээ ч бүү бадраг. Асрал энэрэлийн сэтгэлээр хэзээ ч үл хоосрог. Ширүүн шуурга, хуй салхиний аюул хэзээ ч үл гараг. Далай тэнгисийн ус тогтуун байж сэтгэлд зохистойгоор долгиолох болтугай! Нярайлж буй эмэгтэй бүхэн зовлон үгүйгээр төрөх болтугай! Хүүхэд хөгшид ч өвчингүй байж хөгжин цэнгэж жаргах болтугай! Хулгай дээрмийн аюул бүхэн амирлаад хотол олноороо амар жимэр амьдрах болтугай! Товчилбоос энэ буурал замбуулин энхжингийн орон мэт болох болтугай!

Sunday, February 26, 2012

...огтхон ч худлаа залаагүй шүү!

Өнгөрсөн 2 сарын 15-аас 26-нийг хүртэл жагарын Тамил Наду мужийн нийслэл Чэннай хотоос холгүй орших Дамма Сэтү гэдэг Випашана бясалгалын төв дээр бясалгадаг баатар болж үндсэндээ 11 хоног аж төрлөө. Энэ нутгийн жагарууд манай тэндхийн жагаруудыг бодвол их найрсаг санагдсан. Зөрж өнгөрөх зарим жагарууд их л хүндэтгэсэн харцаар харж, алгаа хавсраал толгойгоо бөнжигнүүлнэ. Зарим нь "Бодидарма, Бодидарма" гэж дуудна. Бодидарма бол Тамил Наду нутгаас гаралтай буддын шашны лам хүн бөгөөд Хятадад буддын шашныг дэлгэрүүлж байсан их алдартай гар. Бараг гэгээрсэн нөхөр байсан байх. Үнэндээ би түүний намтрыг сайн мэдэхгүй болохоор ингэсхийгээд орхие. За тэгээд бясалгалын курст суухаар Япон, Орос, Канад, Израйл, Америк, Аргентин, Франц, Энэтхэг гээд есөн жорын хүмүүс /нийт 80 орчим хүн/ ирсэн байсан. Бүгд л өөр өөр шашин шүтлэг, ёс жаншилтай гарууд. 10 хоног өөр хоорондоо ерөөсөө ярихгүй байх ёстой. Дохио зангаагаар ч ярьж болохгүй. Дээр нь шинэков бол 5, хуучин энэ бясалгалаар бясалгаж байсан гар бол 8 сахил сахина. Эдгээр нь ерөнхийдөө бясалгах сайхан нөхцлийг бүрдүүлдэг. Бясалгалын курс дууссаны дараа оросын нэг Ивантай ярилцсан чинь мань нөхөр 90-д оны үед Токиогийн метронд террор хийж байсан Японы нэг шашны урсгалын гар байсан гэдэг байгаа. Террор болсноос хойш түүнийгээ орхисон гэсэн. Бас нэг Израйлын Якоб монголоор баяртай, сайхан амраарай, маргааш болтол баяртай гээл овоо хэдэн үг хэлж байсан. Бас нэг жагар нөхөр над дээр учиргүй алгаа хавсарч ирээл толгойгоо бөнжигнүүлж ойр зуур мар мар гэж байснаа европ эмнэлэг, дорнын уламжлалт анагаах ухаан хоёрын ялгааг ярьж, европ талыг баахан муулснаа та дорнын анагаах ухааныг заавал судлах хэрэгтэй шүү нтр гээл, бараг л Жангум шиг болоорой л гэх гээд байсан. Би ч гэсэн ерөөл бат орших болтугай гэж бодож нтр хаха... Ерөнхийдөө хүмүүс бясалгал дууссаны дараа бие биетэйгээ бясалгалын үр дүнгийн талаар ярилцан, нэг нэгэндээ сайн сайхныг ерөөн их л найрсаг байсан. Хоол унд, орон байрны хувьд бол өөлөх юм байгаагүй. Халуун ногоогүй, будаа, вандуй, үр, ногоо, жимс, дааль, бэн гээд жагар үндэсний цагаан хоол: ээжийн хэлдгээр бөөн витамин хаха. Амт нь ч дажгүй. Цаг агаарын хувьд далайн чийглэг бөгчим халуун агаартай байсан ч өрөөнд сэнс нтр байсан болохоор 11 хоногийг дажгүй өнгөрөөсөн. Бясалгалын үеэр нэг cанаа зовмоор эвгүй юм болсон: Нэг өдөр өглөө бага юм идсэн юм чинь гээд өдөр нь нэлээн сайн хусчихаад үдээс хойш нь бясалгадаг баатар болоод сууж байсан чинь гэдэс дүүрээд болдоггүй ээ гэж... байсхийгээд л нэг хий гаргачихаад бдаг. Тэгсэн нэг удаагийн гаралтандаа нэлээн дуу шуутай гардаг юм даа хахаха... Хойно сууж байсан жагар юу гэж бодсон бол: энэ нөхөр ч сайхан гаргаж байна даа гэж бодсон бх даа хаха... Ерөнхийдөө энэ бясалгал оюун санааны маш сайхан амралт болсон. Би энд маш сайхан гэж бичихдээ огтхон ч худлаа залаагүй юм шүү! Хэрвээ та нар энэ бясалгалд суух юм бол сайхан муухай мэдрэмжүүд хэрхэн бодол болж хэлбэржээд биднийг зовоож жаргаадгийг анзаарах болно. Улмаар асуудлыг хэрхэн шийдэх аргыг мэдэж авна. Маш энгийн, тэгсэн хэрнээ мэдэгдэхүйц үр дүнд хүргэх бясалгал. Ямар нэгэн далд энерги мэнерги, сүнслэг сэргэг ухамсар мухамсар, цэвэр ариун, тэнгэрлэг мэнгэрлэг, бурханлаг мурханлаг гэж тэнэгтэхгүй. Тэнэг тэнэг догматик зүйл ерөөсөө байхгүй. Зүгээр л цэвэр оюун санааны ажиглал шинжлэл. Үр дүн үнэхээр мэдэгдэнэ. Амьдралд үнэхээр хэрэгтэй. Би энд үнэхээр гэж хоёр удаа бичихдээ бас худлаа залаагүй юм шүү! May you all be happy! Be peacefull! Be harmony! Real happiness, real love... May you all be happy! Be peacefull!

Saturday, February 25, 2012

Эртээ урьдын цагт...

Эртээ урьдын цагт нэгэн хүй нэгдлийн баачка бүхнийг бүтээгч бурхныг бүтээжээ... Хойч үеийнхэн нь тэр бурхны номлолыг бүтээжээ. Хүй нэгдлийн үеийн баачка нар аа гэж...


Published with Blogger-droid v2.0.4

Ум Ма Ни БадМэ Хум

Энэ жилийн цагаан сараар олон айлын ширээг тарган ууцаараа чимсэн хонь бүхэн хойт төрөлдөө сайн заяанд төрөх болтугай гэж залибаръя... Ум Ма Ни БадМэ Хум...


Published with Blogger-droid v2.0.4

Monday, February 6, 2012

Ямартай ч тэр бол баатар

Өдөр бүр өөрийн дотоод сэтгэлээ сөрөг муу оюун санаанаас хамгаалж чадаж байвал тэр хүн христ байна уу, буддист байна уу, хужаагийн эрлийз байна уу, оросын эрлийз байна уу хамаа алга. Хэн байх нь чухал биш. Ямартай ч тэр бол баатар.


Published with Blogger-droid v2.0.4

Sunday, February 5, 2012

Өдөр бүр нэгэн хэвийн гамбир идсээр...

Хүний оюун ухаан гэж яг ямар мөн чанартай зүйл болох, орчлон хорвоогийн үүсэл, бурхан байдаг эсэх, зовлон зүдгүүр, аз жаргал, үхэл, хүн төрөхөд ухамсар нь хаанаас ирдэг болох гээд өчнөөн асуултууд байдаг. Ихэнх хүмүүс мөнгө л сонирхохоос биш энэ талаар огтхон ч сонирхдоггүй. Гэтэл эдгээр асуултын хариуг олохгүй бол бидний сэтгэл оюунд дорвитой өөрчлөлт гарахгүй. Өөрийн гэсэн ертөнцийг үзэх үзэл төлөвшихгүй. Нэг мэдрэмжнээс нөгөө мэдрэмжийн хооронд амьдрал янз янзаар өрнөж байна гэж хууртсаар.., нэг л хэвд оруулан хайрсан гамбир өдөр бүр идэж байгаагаа үл анзааран өдөр хоногийг өнгөрөөж насыг барна. Өөрийн гэсэн ертөнцийг үзэх үзэлгүй бол оюун санааны хувьд бусдын утсан хүүхэлтэй л байна...


Published with Blogger-droid v2.0.4

Wednesday, January 25, 2012

Өөрөө өөрийгөө л дүгнэх хэрэгтэй...

10 жил, их сургуульд байхад багш нар намайг дүгнэж дүн тавьдаг байв. Би ч гэсэн сайн дүгнүүлчих санаатай хуулахдаа хуулаал, давтахдаа давтаал, хулхидахдаа хулхидаал гүйдэг байв... Тэгэхдээ тэр дүнгүүд намайг хэзээ ч дүгнэж байгаагүйг нилээн сүүлд ухаарч билээ. Өөрөө хичээж, өөрөө өөрийгөө л дүгнэх хэрэгтэй. Яагаад гэвэл өөрөөс чинь өөр өөрийг чинь сайн мэдэх өөр хүн байхгүй... тийм учраас өөрөө өөрийгөө л дүгнэх хэрэгтэй...


Published with Blogger-droid v2.0.4

...тэнэгтээл...

Бид өөрөө өөрсдийгөө л зовоодог: уурлаал, шунаал, атаархаал, хорсоол, хов жив ярьж хэрэгтэй хэрэггүй олон бодолд автаж хямраад л... Тэгээл "намайг та нар зовоолоо" гэж тэнэгтээл...


Published with Blogger-droid v2.0.4

Monday, January 23, 2012

Ганцаар байх, ганцаардал хоёрын тухай...

Ганцаар байхад ганцаардах албагүй. Ганцаардахад заавал ганцаараа байх ч албагүй. Үнэндээ ганц өөрийгөө бодсон бодлоос ганцаардал үүсдэг. Ер нь ганц ганцаардал ч биш өөр олон энэлгээт мэдрэмжүүд ганц өөрийгөө бодсон бодлоос үүсдэг...

Би ганцаараа байхыг эрхэмлэдэг хүн. Учир нь ганцаар байхдаа би амьдарлыг жүжигчний биш үзэгчийн байр сууринаас мэдэрдэг. Ганцаар байхад оюун санаа уужуу, тогтуун байдаг. Ганцаар байхдаа би олон зүйлийг анзаарч, зөв дүгнэлт хийж, зөв шийдвэр гаргаж чаддаг. Ганцаар байх нь надад дотоод сэтгэл оюунтайгаа ажиллах боломжийг олгодог...


Published with Blogger-droid v2.0.3

Saturday, January 21, 2012

Энэ бол цэвэр оюун санааны асуудал

Хүмүүс дотоод сэтгэлрүүгээ өнгийгөөд тэнд байгаа алдаа дутагдлуудыг анзаарч, засаж сайжруулж чадвал амьдрал илүү амар амгаланлаг, асуудал багатай, аз жаргалтай болно. Ингэхийн тулд заавал шашин шүтэх албагүй. Энэ бол цэвэр оюун ухааны асуудал. Эргэн тойронд болж буй юмсыг хэрхэн хүлээж авах нь цэвэр оюун ухааны асуудал. Дотоод сэтгэл оюундаа анхаарал хандуулж, дотоод сэтгэл оюунтайгаа ажиллаж чадах л юм бол бүх зүйл авсаархан, энгийн болдог юм байна гэдгийг бид анзаарах хэрэгтэй.


Published with Blogger-droid v2.0.3

Tuesday, December 13, 2011

Төсөөлөх юм бол...

Намайг оруулаад ихэнх хүмүүс “би, миний, намайг” гэх маш жижигхэн тойрогт амьдардаг байх. “Миний хүү”, “миний нөхөр”, “миний эхнэр”, “миний найз”, “миний машин”, “миний мөнгө”, “миний ээмэг”, “миний ...”, “миний ...”... г.м. Энэ жижигхэн тойрогт хайр дурлал гээч зүгээр л жүжиг, “би”-гийн хэрэгцээ. Энэ тойрог дотор ядаж байхад маш цөөхөн хүн багтана аа. “Би”-тэй холбоотой цөөхөн хэдэн гарууд л орно. “Би”-гийн дургүйг хүргэвэл зарим нь бас жийгдэнэ. Энэ тойрогт л бүх юм сайхан байвал “бусад” бол нээх сонин биш. Төсөөлөх юм бол ерөнхийдөө нэг шоронгийн жижиг өрөө шиг...

Wednesday, March 30, 2011

Буддад эхлээд бүү итгэ

Буддад эхлээд бүү итгэ.
Юу сургасныг нь мэд.

Мэдсэнээ шинжил.

Үнэн бол итгэ.

Sunday, March 27, 2011

Юунд итгэж болох/болохгүй вэ?

Асуулт: Юунд итгэж болохгүй вэ?

Хариулт: Сэтгэлд төрсөн мэдрэмждээ.
А: Яагаад?
Х: Миний бодлоор сэтгэлд төрж буй мэдрэмжүүд оюун-ухаан мөн боловч шинжилж танин мэдсэн оюун-ухаан биш юм. Өөрөөр хэлбэл сэтгэлд төрж буй мэдрэмжүүд мэдэрсэн зүйлийнхээ оршин байгаа байдлыг: Мөн үү? Биш үү? Зөв үү? Буруу юу? Үнэн үү? Худал уу? гэдгийн шинжлээд зөвөөр танин мэдсэн оюун-ухаан биш тул итгэж болохгүй.
А: Тэгвэл юунд итгэж болох вэ?
Х: Мэдэрч буй зүйлийнхээ оршин байгаа байдлыг шинжлээд зөвөөр танин мэдсэн оюун-ухаандаа итгэх хэрэгтэй. Ер мэдрэмж гэдэг сэтгэлд байнга л төрж байдаг өнгөц ухамсар. Харин зөвөөр танин мэдсэн оюун-ухаан бол сэтгэж, ажиглаж, шинжилсний үр дүнд төрдөг.

Tuesday, March 15, 2011

Буддизм сэтгэлгээг хайрцагладаг уу?

Хоёр жилийн өмнө юм шиг санагдаж байна, 10 жилд хамт сурч байсан ангийн найздаа би буддизмыг судлахыг зөвлөсөн юм. Тэрээр надад “Нэг юмыг дагнаж уншихаар сэтгэлгээ хайрцагт орчихдог юм шиг санагддаг.” гэж хэлж билээ. Ортой л үг.
Буддизмд шинжлэхгүйгээр юмсын мөн чанарыг эрж хайхыг утгагүй хэрэг гэж үздэг. Буддизм бодит байдлыг байгаагаар нь л номлодог. Буддын гүн ухаанд мухардал гэж байдаггүй.

Бидний сэтгэлгээ аливаа юманд зөвхөн нэг талаас ханддаг муу дадалтай байдаг. Буддизмыг төдийлөн сайн ойлгодоггүй хүмүүстэй буддизмын талаар ярилцахад хэцүү байдаг. Зарим хүмүүс манжийн дарлал, нийгмийн хөгжлийн хоцрогдол гээд өнгөрсөн түүхийн тухай, эсвэл амьдрахын эрхээр “non-buddhist лам” хэмээх мэргэжлийг сонгосон хүмүүсийн увайгүй үйлдлийн тухай ярьж байгаагаа буддизмын тухай ярьж байна гэж ойлгоод байдаг. Улмаар буддизмыг тодорхойлж дүгнэдэг. Гэвч үнэн хэрэг дээрээ буддизм гэдэг маань хүний дотоод сэтгэлийг гэгээрүүлдэг Бурхан Багшийн сургаал шүү дээ.

Баабар гуай “Нүүдэл суудал” номондоо шарын шашныг үндэслэгч, Төвдийн Бурханы шашны шинэтгэгч Богд Зонховын талаар маш ташаа зүйл бичсэн байсан. Үнэхээр харамсалтай. Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам 2010 бээр нэгэнтээ, “Богд Зонховын сайн мууг түүний туурвисан 18 боть зохиолыг судалж байж л мэднэ шүү дээ.” хэмээн айлдаж байв. Баабар гуай тэр 18 ботийг судлаад тэгж бичсэн гэвэл би л лав итгэхгүй. Тэр ботиудыг судлахын тулд төвд хэлний маш өндөр мэдлэгтэй байх шаардлагатай. Бас болоогүй ээ, тэдгээр ботиудыг судалж, утгыг нь бүрэн төгс мэдье гэвэл дор хаяж 15-20 жилийн турш Бурхан Багшийн айлдсан судар болон эртний энэтхэгийн бандида нарын бүтээлүүдтэй харьцуулж, учир шалтгааны ухааны үүднээс судлах хэрэгтэй болдог. Тэгж байж л нэг юм Богд Зонховыг сайн муу гэж дүгнэхтэйгээ болно шүү дээ.

Миний энд хэлэх гэсэн гол зүйл бол “Буддизм сэтгэлгээг хайрцагладаггүй. Итгэхгүй бол судлаад үз.” Худал хэлэхийг буддизмд ёс суртахуунгүй үйлдэлд тооцдог. Бурхан Багш шавь нартаа хандаж “Мэргэд, гэлэн нугууд аа! Та бүхэн дархан хүн алтыг үрж, хэрчиж, хайлуулж сайтар шалгаж авдаг шиг миний сургаалыг ч гэсэн тэр мэт шинжлээд аван үйлдэхтүн. Будда зарлигласан хэмээн бишрэл төдийгөөр бүү ханд!” хэмээн номлосон байдаг. Мөн Цастын мэргэдийн оройн чимэг хэмээн алдаршсан Богд Зонхов Лувсандагва бээр “Сайтар Номлолын Зүрхэн” хэмээх бүтээлдээ “Учир шалтгааны ухаантай (зөв шинжлэлтэй) харшилсан үзэл баримтлалыг хүлээн зөвшөөрөгч нь шалгадаг төрөлхтөн биш юм.” гэж айлдсан байдаг. Түүнчлэн Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам “The Universe In A Single Atom” номондоо төвд хүнтэй гэрлэсэн америк эмэгтэйтэй ярилцаж байснаа дурссан байдаг. Далай Лам өөрийн хүсэлтээр шинжлэх ухааны эрдэмтэдтэй уулзаж, ярилцдаг болохыг мэдсэн тэр эмэгтэй Дээрхийн Гэгээнтэнд хандаж буддын шашныг хадгалж үлдэхэд шинжлэх ухаан аюул учруулж болохыг сануулаад “Шинжлэх ухаан бол шашны алуурчин гэдгийг түүх нотолдог.” гэж хэлсэн гэдэг. Дээрхийн Гэгээнтэн уг номондоо “Буддизм болон шинжлэх ухааны аль нь ч бодит байдлын мөн чанарыг эрж хайхдаа нарийн шинжилгээний аргыг баримталдагт л миний гол итгэл үнэмшил оршдог бөгөөд үүнээс улбаалан би өөртөө итгэлтэйгээр шинжлэх ухааныг зориглон судалдаг. Хэрвээ шинжлэх ухааны нарийн шинжилгээгээр буддизмын үзэл баримтлал эндүү ташаа болохыг баталгаатай нотлох юм бол бид эрдэмтдийн судалгааны үр дүнг гарцаагүй хүлээн зөвшөөрч, эндүүрсэн бүхнээ залруулах хэрэгтэй.” гэж өгүүлсэн байдаг. Өнөө хир бусад шашны төлөөллүүдээс ингэж өөртөө итгэлтэй, зоригтойгоор мэдэгдсэн хүн байдаггүй байх. Байвал Та бүхэн надад хэлээрэй.

Monday, March 14, 2011

Сэтгэлгээ ба Шинжлэл

Асуулт: Сэтгэлгээ гэж юу вэ?
Хариулт: Миний бодлоор сэтгэлгээ гэдэг нь шинжлэл юм.
А: Шинжлэхгүй бол сэтгэхгүй гэсэн үг үү?
Х: Яг тийм.
А: Ном унших нь сэтгэлгээг хөгжүүлэх зөв арга мөн үү?
Х: Биш ээ.
А: Юу гэсэн үг вэ энэ чинь??!
Х: Ном унших нь сэтгэлгээг хөгжүүлэх зөв арга биш гэсэн үг!
А: Тэгвэл чиний бодлоор сэтгэлгээг хөгжүүлэх зөв арга юу юм бэ?
Х: Уншсанаа үнэн-худал, зөв-буруу эсэхийг шинжилдэг шинжлэл л сэтгэлгээг хөгжүүлдэг. Социализмын үед ихэнх хүмүүс уншдаг байсан. Харин уншсанаа шинжилдэг нь цөөхөн байсан.
А: Ингэхэд ер нь сэтгэлгээний хөгжил юунд хэрэгтэй юм бэ?
Х: Яах юу байх вэ дээ, нэг юм ч гэсэн хөгжиж л байвал сайн биш гэж үү? … Тоглосон юм аа. Миний бодлоор сэтгэлгээний хөгжил нь маш чухал. Сэтгэлгээ хөгжихийн хирээр ертөнцийг үзэх зөв үзэл төлөвшдөг. Ертөнцийг үзэх зөв үзэлтэй хүн сэтгэлгээний хувьд хэн 
нэгний утсан хүүхэлдэй болохгүй шүү дээ. Чи өөрөө харж л байгаа биз дээ: хар шар нь мэдэгдэхгүй non-buddhist лам нар, учир нь ойлгогдохгүй шашны гаж урсгалын төлөөллүүд, үнэн худал нь мэдэгдэхгүй бөө нар, эрх мэдэл, эд хөрөнгөний төлөө улсаа худалдах зоригтнууд, ёс суртахуунгүй гүжир сэтгүүлчид гээд бүгд л сэтгэлгээний хөгжил дорой хүмүүсийг утсан хүүхэлдэй болгож байна шүү дээ. Тиймээс ямар нэгэн буруу үзлийн, эсвэл хэн нэгний утсан хүүхэлдэй болохгүйн тулд сэтгэлгээгээ хөгжүүлэх л хэрэгтэй.
А: Яаж хөгжүүлэх юм бэ?
Х: Юу яаж гэж? Энэ талаар асуултад чинь хариулсан шүү дээ. Шинжил, уншсанаа шинжил, мэдсэнээ шинжил. Үнэн үү? Худал уу? Зөв үү? Буруу юу? Мөн үү? Биш үү?.. Их зүйл унших нь чухал биш. Чанартайг нь уншаад шинжил. Ямар нэг зүйлийг шинжлэхгүйгээр хүлээн зөвшөөрөх нь сэтгэлгээнд хаалт тавьчихдаг. Сэтгэлгээнд хязгаар тогтоочихдог. Тиймээс шинжлэх л хэрэгтэй.